Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд нийслэлчүүд авто замын түгжрэл, зогсоолын хомсдолоос үүдэлтэй уур бухимдалтай өдөр бүр нүүр тулсаар байна. Зөрж өнгөрөх хүмүүс хоорондоо ширүүн харц шидэлцэж, жолооч нар хараалын үгсийг жишим ч үгүй урсгадаг нь хэдийн энгийн үзэгдэл болжээ. Иймд нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан тохиолдолд ачиж, журамладаг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэв. Гэвч автомашин ачигч компаниуд болон иргэд хоорондын үл ойлголцол, зөрчил өдийг хүртэл тасарсангүй.
“Өдрийн туршид түгжирч явсаар хүүхдийн цэцэрлэг тарах цаг хэдийн болчихсон. Гэвч зогсоол хайгаад олоогүй учраас аргагүйн эрхэнд “Тэнгис” кино театрын зүүн талд автомашинаа түр байршуулчихсан юм. Энэ хооронд ихдээ таван минут л болсон. Гэтэл буцаад ирэхэд машин байгаагүй. Үүнээс хойш бараг 10 минутын дараа автомашинаа журмын хашаанаас ирж авна уу гэсэн утгатай зурвас ирсэн. Зурвас хүлээн авсан даруйдаа хүүгээ дагуулаад журмын хашаа хүртэл алхсан. Такси олдохгүй хүү минь их даараад, ханиад хүрчихлээ” хэмээн бухимдан ярих эмэгтэйг Г.Одончимэг гэдэг. Тэрбээр хүүхдээ цэцэрлэгээс нь авчхаад ирэх хойгуур автомашиныг нь хэл сураггүй ачсан нь энэ аж. Өөрөөр хэлбэл, нийслэлд ажил амжуулахаар автомашин унавал адаг сүүлдээ иргэд ямар нэгэн байдлаар хохироод үлддэгийн хамгийн энгийн жишээ энэ. Түгжрэлд гацаж цаг хугацаагаараа хохирч, энд тэндгүй ухаж, сэндийлсэн замаар дэржгэнэж явсаар машиныхаа эд ангийг эвдэнэ. Аль эсвэл нүдний гэм болсон авто зогсоол хайж хамаг цагаа бардаг. Ер нь Улаанбаатарт авто зогсоолын асуудал шүдний өвчин болсон. Ялангуяа хотын төвд үнэгүй битгий хэл төлбөртэй зогсоол ч олдохоо больсон. Ингээд аргаа барсан хүмүүс автомашинаа нэгдүгээр эгнээнд түр тавих замыг сонгож, улмаар ачуулж, журамлуулдаг. Ачих гэж байхад нь амжиж гүйж очсон ч булаагаад зугтчихдаг аж.
Ихэнх тохиолдолд нэг ачигч машинд хоёр хүн явах бөгөөд нэг нь жолооч бол нөгөө нь машин ачиж, бэхэлгээ хийх үүрэгтэй. Биднийг Баянбүрдийн тойрог орчимд байрлах журмын хашаанд очих үед нэгэн зэрэг гурван машин ачигдан ирэв. Тээврийн хэрэгслээ журамлуулсан нэгэн жолооч “Та нараас болж хамаг ажлаа алдлаа. Хүний цаг, мөнгийг ингэж шулж амьдрахаасаа ичээч” гэх бол ачилтын компанийнхан ийм байдалд хэдийн дасчихсан уу гэлтэй “Бид ажлаа хийж байна. Торгуулиа төлөөд машинаа ав” гэх аж.
ТӨРД ИВЭЭГДСЭН БИЗНЕС
Иргэд тээврийн хэрэгслээ журмын хашаанаас авахдаа зөөж шилжүүлсний хураамж болох 60 мянган төгрөг төлдөг. Гэхдээ энэ нь зөвхөн хураамжийн төлбөр бөгөөд үүн дээр зөрчлийн мөнгө нэмэгддэг аж. “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-нд албан ёсны зөвшөөрөлтэй 14 компани өдгөө зориулалтын чирэгч машин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөрсдийн гэсэн журмын хашаатай бөгөөд нэг компани дунджаар 20 гаруй зориулалтын ачилтын машинтай гэнэ. Тэгвэл эдгээрээс нэг машин л гэхэд өдөрт дунджаар зөрчил үүсгэсэн 10-12 тээврийн хэрэгслийг ачдаг гэж бодвол багадаа 100-150 тээврийн хэрэгсэл журамлаж, 6-9 сая төгрөгийн орлого олдог гэсэн үг. Гэвч үүний хэдэн хувь нь нийслэлийн төсөвт ордог, ямар шалгуураар хуваарилдаг талаарх мэдээлэл нь хаалттай юм байна. Мөн ачих явцдаа иргэдийн машиныг эвдэж хэмхэлсэн ч хохирлыг нь барагдуулдаггүй гэнэ. Тухайлбал, хойноо, эсвэл дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй машиныг хүчээр ачсанаас болж иргэд эд хөрөнгөөрөө хохирох нь цөөнгүй тохиолддог байна. Гэвч ямар тээврийн хэрэгслийг хэрхэн зөөж шилжүүлэх стандарт, журам хангалтгүйгээс үүдэн ачилтын компаниуд “даам” гарч, жирийн иргэд цаг зав, хөрөнгө мөнгөөрөө хохироод үлдэж байна. Уг нь энэ журмыг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор анх баталсан ч өдгөө иргэдийн бухимдах гол шалтгаан, ачилтын компанийнхны далд бизнес цэцэглэх хэрэгсэл болсон гэмээр. Нэг ёсондоо эл байгууллагууд ийн дураараа авирласан ч төр тоодоггүй байх нь.

ИРГЭДИЙГ СҮРДҮҮЛЭХ ЭРХ ТЭДЭНД БИЙ ЮҮ
Ачилтын компанийнхны ёс зүйгүй үйлдлээс үүдэн “Урт цагаан” орчимд уржигдар ширүүн маргаан өрнөлөө. Учрыг нь лавлавал ачилтын компанийнхан эзэн нь гарч ирээд машиндаа суучихсан байхад хүчээр авч явахаар оролджээ. Үүнд жолооч болон хажуугаар нь өнгөрч явсан иргэд ч бухимдаж байв. Харин ачилтын компанийнханд энэ нь төдийлөн чухал биш аж. Угтаа бол тэд тухайн машиныг журмын хашаа руу зөөхөөс урьтаж чанга яриг¬ чаар гурван удаа улсын дугаарыг нь зарлаж, эзэнд нь мэдэгдэх учиртай. Гэвч бодит байдалд автомашины дугаарыг чанга яригчаар зарладаггүй, эсвэл албаар ойлгомжгүй дууддаг болохыг иргэд хэлсэн юм.
Ерөөс чоно борооноор гэдгийн адилаар түр зогсчхоод буцаад ирэх хооронд л машиныг нь аччихдаг аж. Мөн машинаа ачуулчхаад хэдхэн метр холдсоных нь дараа торгуулийн 60 мянган төгрөгөө төлөөд авъя гэхээр “Гомдолгүйгээ батал” гээд тухайн иргэний царайг гаргасан дүрс бичлэг хийж, цагдаа руу явуулдаг гэнэ. Угтаа ингэж дүрс бичлэг хийх нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29.1, 4.1.1, 8.1 дэх заалтыг зөрчиж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, тэд журмын хашаа руу явах цагаа хэмнэн богино рейс хийж, дараагийн машиныг ачих ажилдаа ханцуй шамлан ордог гэсэн үг.
Өөр нэгэн иргэн журмын хашаанаас машинаа авахаар очихдоо машиныхаа зургийг авч эхнэр лүүгээ явуулжээ. Гэтэл хажууханд нь зогсож байсан ачилтын компанийнхан “Манай машины улсын дугаар зурганд чинь орчихлоо. Яг одоо устга. Хэрэв устгахгүй бол чамтай хариуцлага тооцно шүү” гэх зэргээр сүрдүүлсэн байна. Энэ бол журмын хашаанд өрнөдөг энгийн үзэгдэл. Нийслэл¬ чүүд сүүлийн жилүүдэд үргэлж ийм ёс зүйгүй, бусармаг үзэгдэлтэй нүүр тулж байгаа. Үүгээр ч зогсохгүй тухайн автомашинд тэжээвэр амьтан, бүр хүүхдээ үлдээчихсэн байхад л хамтад нь ачаад явах нь ч бий. Дүрэм зөрчсөн л бол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ хамгийн их үйлчлүүлдэг эмнэлэг, орон сууцын хорооллоос ачдаг нь дүрэм журам сахиулах бус, ашиг хонжоо хайсны илрэл гэмээр. Бас хориглосон газар машинаа байрлуулсан гэх шалтгаанаар хүний нүүр царайг ил гаргасан бичлэг хийж, сүрдүүлэх эрх ачилтын компанийнханд бий юү.
“ДАЯАРШИЖ БУЙ НИЙГЭМД ИНГЭЖ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭХИЙН ОРОНД, ХЭТЭВЧТЭЙ НЬ “ЯРИХ” НЬ ЗӨВ”
Тэгвэл ийм гомдол, саналыг хэрхэн шийдвэрлэдэг талаар ачилтын компаниудаас лавлахад “Бид иргэдэд эхлээд зөвшөөрөлгүй хэсэгт машинаа байршуулсан гэдгийг тайлбарладаг. Машин дотор хүн, амьтан байхад ачсан гэдэг асуудал гарсан тохиолдолд мэдээж хариуцлагаа хүлээж уучлалт гуйна. Гэхдээ тийм асуудал бараг гардаггүй” гэлээ. Харин иргэд, жолооч нарын хувьд “Ачилтын компанийнхан хариуцлагагүй, ёс зүйгүй, маш түрэмгий. Эмнэлгийн гадна, сургуулийн ойр машинаа хэдхэн минут яаралтай байршуулахад хэнэг ч үгүй ачаад явчихдаг. Тиймээс энэ үйлчилгээг бүрэн зогсоож, зөвхөн торгууль тооцдог болох нь зөв. Ер нь даяаршиж буй нийгэмд ингэж залхаан цээрлүүлэхийн оронд иргэдийн хэтэвчтэй ярих нь зөв” гэх аж.
Машин ачилтын компанийн журам, төлбөр болон иргэдээс түгээмэл ирдэг санал гомдлын талаар “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны удирдлага Н.Даваанямаас тодрууллаа. Тэрбээр “Ажилтнууд маань тухайн машиныг ачихаасаа өмнө чанга яригчаар гурван удаа зарладаг. Гэтэл 100-200 метр явсны дараа эзэн нь гүйж ирээд “Миний машиныг ачлаа” гээд хаалга үүднээс нь татаж, өмнө нь гараа алдлаад зогсчихдог. Мөн тухайн компанийн техникийн ажилчид бичлэг дутуу хийх, тэмдэгтэй газрыг оруулаагүй байх, ачилт хийж байх явцдаа хүний машиныг гэмтээдэг гэх мэтээр гомдол мэдээлэл ирдэг. Үүнийг тухайн компани иргэдтэй ярилцаад зохих журмын дагуу шийдвэрлэдэг. Бид аль болох ямар нэгэн алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Иргэд дүрэм журмаа баримталсныхаа дараа эрхээ эдлэх хэрэгтэй. Зөвшөөрөлгүй газар автомашинаа байршуулахгүй бол түүнийг нь ачилтын компани тээвэрлэхгүй” гэв.
Э.Сүйлэн