Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр өчигдөр тохиов. Манай улс 2019 оноос эхлэн эл өдрийг жил бүр тэмдэглэн, хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. Үүний хүрээнд “Асуудлаас шийдэлд, хаана ч аюулгүй хүнс” уриан дор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, хүнс болон хоол үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Энэ удаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг онцолсон юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах, хүүхэд, ахмад настан, өвчтөн зэрэг эрсдэл өндөртэй бүлгийг аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг хэмээн хуралд оролцогчид тодотгов.
Хүнс нь үйлдвэрлэл, боловсруулалт, тээвэрлэлт, хадгалалтын үе шатыг дамжин хэрэглэгчийн гарт хүрдэг. Дэлхий нийтэд амьтнаас хүнд дамжих өвчний эрсдэл нэмэгдэж, биологи, химийн бохирдол хүнсний аюулгүй байдалд нөлөөлж буйг мэргэжилтнүүд дурдаад, лабораторийн сүлжээг сайжруулах, салбар болон улс хооронд мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг уриаллаа.
Ч.Цэлмэг