“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2021 онд “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Гэвч үйл ажиллагаа нь бодитоор хэрэгжээгүй бөгөөд мэргэжлийн оролцогчдыг татан оролцуулах урамшуулал, шимтгэлийн хөнгөлөлтийн зохицуулалт хангалтгүй, мөн журмын хамрах хүрээ зөвхөн үнэт цаасны компаниудаар хязгаарлагдаж байсантай холбоотой аж. Иймд уг зохицуулалтыг олон улсын жишиг, туршлагатай нийцүүлэх шаардлага үүсээд байв. Тиймээс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж, тавдугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсныг Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар өнгөрсөн баасан гарагт батламжиллаа.
Олон улсын хөрөнгийн биржүүдийн зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны зохицуулалт, захиалгын хэмжээ, зах зээл үүсгэх хугацаа, шимтгэлийн хөнгөлөлт болон урамшууллын тогтолцоог судалж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг шинэ журамд тусгасан байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн арилжааг илүү идэвхтэй, хөрвөх чадвартай болгож, хувьцааг хүссэн үедээ худалдах, худалдан авах боломжийг сайжруулах зорилготой юм.
Л.Ням