Төр, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Үндэсний аудитын газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын явцад илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлыг прокурорын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг. 2023-2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 92,537.4 сая төгрөгийн 74 асуудлыг шалгуулахаар Үндэсний аудитын газраас прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Үүнээс 62 мэдээлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа үргэлжилж байгаа бол дөрвөн асуудалд яллах дүгнэлт үйлдэн шүүхийн шатанд шилжүүлээд байгаа аж. Харин 2,466.8 сая төгрөгийн долоон асуудалд прокурорын байгууллага хэрэг нээхээс татгалзаж, 54.5 сая төгрөгийн нэг асуудлыг хэрэгсэхгүй болгожээ.
2023 оноос хойш шийдвэрлэгдээгүй, удааширсан хэргүүдэд анхаарах, эрүү гийн хэрэг үүсгэхээс татгалзсан болон хэрэгсэхгүй болгосон тогтоолын хувийг Үндэсний аудитын газарт ирүүлэх, мөн дээд шатны прокурорт гомдол гаргах эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай саналаа Ерөнхий аудитор С.Магнайсүрэн УЕПГ-ын холбогдох удирдлагуудад уламжилсан аж. Захиргааны ерөнхий хуульд зааснаар төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны дотоод аудитын нэгж хүлээдэг. Төрийн аудитын байгууллага энэ чиглэлээр хяналт тавин ажиллаж буй ч 2026 оны эхний улирлын байдлаар 7,256.9 тэрбум төгрөгийн дүн бүхий 138 аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, мөн хугацаа хэтэрсэн 292 367 тэрбум төгрөгийн 708 төлбөрийн актын үлдэгдэл төлөгдөөгүй байгааг хамтран шийдвэрлэх асуудлыг ч хөнджээ.
Г.Сансар