
Гар утас, зурагт, компьютер зэрэг техник, технологийн дэвшил хүн төрөлхтнийг “ганцаардуулж”, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүй хийдэг гэсэн шүүмжлэлийг бид өдөр бүр л сонсдог. Тэгвэл Лондоны Эдийн засаг, улс төрийн сургуулийн Судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд эсрэгээрээ гар утас гэр бүлийг нягтруулдаг гэжээ. Ялангуяа ээж, аав, хүүхдүүдийн харилцаа сайжирдаг гэсэн байна. Учир нь нэгнийхээ хажууд байхдаа хэлж чадахгүй үгээ гар утсаар дамжуулан хэлдэг талаараа судалгаанд хамрагдсан хүмүүс ярьжээ. Мөн цахим сүлжээгээр харилцахдаа элдэв дүрсээр сэтгэлээ илэрхийлдэг нь хүмүүст маш таатай санагдаж, үггүйгээр ойлголцох боломж олгодог гэжээ.