
Монголын Бизнесийн зөвлөлөөс сар бүр тогтмол зохион байгуулдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн уулзалт өнөөдөр “Туушин” зочид буудалд боллоо. Энэ удаагийн уулзалтыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Э.Долгион нар удирдан явуулсан бөгөөд уулзалтад Австралийн элчин сайд Жон Лангтри, Хятадын элчин сайд Шин Хаймин, Чехийн элчин сайд Ийржи Бродский, Германы элчин сайд Штефан Дуппел, Италийн элчин сайд Андре Лэ Фэлип нар оролцож санал бодлоо солилцсон юм.
Тэд гадаад худалдаа болон хөрөнгө оруулалт, түүний орчны талаар хэлэлцсэн бөгөөд Бизнесийн төвөөс Татварын хуулийн шинэчилсэн найруулга дээр өөрсдийн саналаа хүргүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа дуулгалаа.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын ДНБ-ий өсөлт 5.1 хувьд хүрч, гадаад худалдааны тэнцэл анх удаа 62.7 сая ам.долларын ашигтай гарсан нь таамаглаж байснаас хамаагүй илүү үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчид гадаад худалдаанд барьж буй бидний байр суурь, цаашдын хөгжил, макро эдийн засгийн тогтворжилт хэр түвшинд явж байгааг сонирхлоо. Үүнд ч баримт, судалгаатай хариулт өгч чадсан гэж бодож байна. Чухал нь хөрөнгө оруулалт орж ирэхгүй буцааж татчихаад байгаа нөхцөлд эдийн засаг тогтворжсон ч өсөлт нь удаашрах магадлалтай. Тэгвэл өсөлтийг хурдасгахын тулд ГХО зайлшгүй шаардлагатай байгааг сайн тайлбарлаж хэллээ. Оролцогчид ч Засгийн газрын баримталж буй бодлого, шинэчлэлийн талаар нэлээд ойлголттой болж чадсан болов уу гэж бодож байна” гэсэн юм.
Үүний дараа элчин сайдууд үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Австралийн элчин сайд Жон Лангтри:
Австралийн 50 орчим аж ахуйн нэгж, компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь уул уурхайн чиглэлээр ажиллаж байна. Ер нь энэ чиглэлээр хөрөнгө оруулж, хамтрах сонирхол их бий. Гэхдээ Засгийн газрын зүгээс анхаарах ёстой хоёр асуудал бий.
Нэгдүгээрт, Татварын болон бодлогын орчны ил тод байдал дутагддаг. Үүнийг ойлголжтой, ил тод болгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, аливаа арилжааны маргаан эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэж, эцэстээ шоронд хоригдох эрсдэл их дагуулдаг. Үүнийг арилжааны шугамаар шийдвэрлүүлэхэд Монгол Улс анхаарах хэрэгтэй. Мөн Олон улсын арбитрын шүүхийн хэрэгжилтэд ч анхаарал хандуулах нь зүйтэй.
БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин:
2017 онд Монголын ДНБ 5.1 хувьд хүрсэн нь маш том ололт юм. 2018 онд ч эдийн засаг нь сэргэх төлөвтэй байгааг бид бүхэн харж байна. Иймд хоёр улсын Засгийн газар хойшид хэрхэн хамтарч ажиллах талаараа зөвлөлдсөн. Үүнд энэ онд болох хоёр орны тэргүүлэгчдийн айлчлал чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Өнгөрсөн онд БНХАУ-ын Коммунист намын 19-р их хурал болж өндөрлсөн. Хурлаар Хятад улс цаашдын хөгжлийн замаа тодорхойлсон. Ингэхдээ Си Зиньпин дарга аливаа улсыг ялгаварлан гадуурхалгүй харилцан ашигтай хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Чехийн элчин сайд Ийржи Бродский:
Манай хоёр улс хөрш зэргэлдээ оршин тогтнодоггүй ч харилцан ашигтай хамтарч ажилладаг орон. Түүхийн замналын хувьд ч адил төстэй сорилыг даван туулсан туршлагатай. Хоёр орны гадаад худалдаа жил 16 сая ам.доллараар эргэлдэж байгаа нь чамлалтай хэдий ч цаашдаа ойрын хугацаанд 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрэн бий. Бид Чехийн алдарт брэндийн Skoda зэрэг алдартай машин, автобусыг оруулж ирэх, мөн шар айраг мэтийн бараа бүтээгдэхүүнийг Монголд нутагшуулах боломжтой.
ХБНГУ-ын элчин сайд Штефан Дуппел:
Герман, Монгол Засгийн газар хооронд байгуулсан 2011 оны хоёр талт хэлэлцээрийн хэрэгжилтийн дүн гайхалтай сайн гэж хэлж чадахгүй. Учир нь дэлхийн зах зээл дээрх эрдэсийн үнэ унаж, эдийн засгийн хүндрэлүүд ч эхэлсэн. Харин 2018 онд эдийн засгийн таатай үе эхэлж байгаа учраас дээрх хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
Түүнчлэн Монгол Улс хуулийн хэрэгжилт дээр анхаараасай гэж хүсч байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулахад 10 хувь нь санаачлах, 90 хувь нь гүйцэтгэл хэрэгтэй гэж боддог. Шинэ хууль батлалгүй, хуучин хуулиудынхаа хэрэгжилт дээр анхаараарай.
Италийн элчин сайд Андре Лэ Фэлип:
Элчин сайдын яам нээгдээд удаагүй ч хоёр улсын хамтарч ажиллаад багагүй хугацааг үдсэн. Энэ хугацаанд хоёр улс хоёулаа эдийн засгийн хүнд үеийг давж гарлаа. Одоо сэргэх замдаа орж байна. Итали улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэлд их анхаарал хандуулсан. Тэдний өрсөлдөх чадвар болон энновацийг хөгжүүлэх, эрчим хүчийг хэмнэх замаар эдийн засгийн хүндрэлээс ангижирч чадсан юм. Сүүлийн хагас жилийн үзүүлэлтээр ДНБ 1.5 хувьд хүрсэн. Азийн хувьд энэхүү тоо нь бага байж болох ч Европын хувьд чамлахааргүй үзүүлэлт юм.
Миний хувьд Италийн бизнес эрхлэгчдэд Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалдаг. Монгол Улсыг газар нутаг, бүс нутгийн зангилаа төв хэсэг үзээрэй гэж хэлдэг.