
Нийслэлд оршин суудаг иргэд өдөр тутам нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Техник, технологийн дэвшлийг ашиглан иргэдийн цагийг хэмнэхийн тулд автобус удаан хүлээлгэхгүй, чиглэлээ мэдэхгүй бол “хэлж өгдөг” аппликэйшн бий болоод байна. Ингэснээр ухаалаг утастай хүн бүр автобус хүлээж удаан зогсохгүй, аль автобус хаана явааг хянах боломж бүрджээ. Зорчигчийн байгаа газраас хүрэх газарт нь хэд дугаарын автобус явах болон бусад мэдээллүүдийг дараах аппликэйшнүүдээс харж болно.
“Smart UB”
Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшн бүтээж, нийслэлийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг хүргэдэг болсон. Үүний нэг нь нийслэлийн нийтийн тээврийн бүх чиглэлийн мэдээллийг оруулж, хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа хүрэхийг санал болгохоос гадна авто замын ачаалал, засвартай, засахаар төлөвлөсөн замуудын мэдээллийг харах боломжтой.
“UB smart bus”
“Улаанбаатар смарт карт” компаниас 2016 онд гаргасан уг аппликэйшн нь нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харуулдаг. Мөн суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээлтийн хугацаа, суух автобусаа хаана явж байгааг харж болохоороо онцлог.
“Auto BUS”
“Аuto BUS” аппликэйшны гол давуу тал нь танд offline орчинд буюу таны утсанд интернэт холболтгүй үед ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаарх мэдээллүүдийг гар утаснаасаа газрын зурагтайгаар харах боломжтой. Тус аппликэйшныг хэрэглэх үедээ өөрийн байрлалыг газрын зураг дээр харахын тулд утасныхаа GPS (байрлал тогтоогч)-ээ асаалттай байлгахад л хангалттай аж. Харин интернэт холболт нь таны байрлалыг илүү нарийвчлалтай тогтооход хэрэгтэй юм байна.