
Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн юм. Уг хуралдаанд цэцэд мэдээлэл ирүүлсэн иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал, УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцов. Гурван цагийн турш хэлэлцсэн уг маргааны эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц 17.00 цагт танилцуулсан юм. Ингэхдээ ""Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ" хэмээн үзжээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн Д.Сугар гишүүн танилцуулахдаа "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт. 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр. Дугаар номер 3. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Жанцан, н.Лхагваа, Д.Сугар нар Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл ирүүлсэн иргэн Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал болон УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцсон болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 5-р зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 3-т, 45-р зүйлийн 2-т, 7-р зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ.
- Монгол Улсын Засгийн газар, ЗХУ-ын Засгийн газар хоорондын Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт анх 1973 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн 2-р зүйлд хэлэлцэн тохирсон хоёр этгээд Засгийн газрын түвшинд тус хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
- Монгол Улсын "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2003 оны хэлэлцээрийн 16-р зүйл: Монгол Улсын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээрийн 20-р зүйлд хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах өөрийн улсын дотоодын журмыг гүйцэлдүүлсний дараа бичгээр сүүлчийн мэдэгдэл хэлэлцэн тохирогч нөгөө талдаа өгснөөр хүчин төгөлдөр болохоор зааж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох журмыг ном журмаар нь гүйцэтгэхээр байна.
- Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын дээд хэлцлээр нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын дараах хуулиудын зохицуулалт хамаарахаар байна. Үүнд: А. "Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр, 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр тус тус гарган соёрхон баталсан байна. Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1-р хэсгийн 15 дахь заалтад УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхээр хянан шийдвэрлэнэ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14-р зүйлийн 2 дох хэсэгт Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ хэмээн заажээ. Иймд Монгол Улсын Засгийн газрын дээрх хэлэлцээрийн нэг тал болохын хувьд хэлэлцээрийг цуцлах үр дагавартай асуудлаар урьдчилж дотоодын хууль тогтоомж буюу Үндсэн хууль, Засгийн газрын холбогдох хууль тогтоомжийг биелүүлсэний дараа саналаа гаргахаар байна. Б. УИХ-аар 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр баталсан тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 27-р тогтоолын 2-т Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс молебденийн ордын одоогийн байгаа ажиллаж байгаа нөхцөлийг хэвээр нь хадгалах нь зүйтэй гэж үзэхгүй гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа тул уг заалтыг хүчингүй болгох эрх хэмжээ зөвхөн УИХ-д хадгалагдаж байгаа юм.
- ОХУ-ын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростех" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшиж буй 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн эгнээнд худалдан авах давуу эрхээ ашиглан төрийн мэдэлд авах эсвэл өөр этгээдэд шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрх гагцхүү УИХ-д байна.
- Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан олон улсын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэлгүй, зөвшилцөлгүйгээр өөрчилсөн Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 27-р тогтоолын 1 дэх хэсгийн 15, 38-р зүйлийн 2 дох хэсгийн 9 дэх заалт, олон улсын гэрээний тухай хуулийн 18-р зүйлийн 2, 22-р зүйлийн 2 дох хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 47-гийн 2 дох хэсэгт Засгийн газрын тогтоолд нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 тоот тогтоолоор хүчингүй болгосон нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 15-р зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын иргэн хөдөлх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж эзэмших эрхтэй гэж заасан. Аливаа үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу эсвэл хууль зөрчсөнийг мэдээгүй мөн хууль зөрчсөнийг мэдэх боломжгүй байсан нөхцөлд шударгаар олж авсанд тооцох боломжтой. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Монголиан коппер корпорацийн төлөөлөл гэх Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Орхон хуулиар бол энэ гэрээг баталсан, энэ гэрээ нь өөрөө өөрийгөө хүчингүй болгох ийм заалттай учраас дахиж энийг оруулж соёрхон батлуулах шаардлагагүй гэж үзэн дүгнэлтээ гаргаж байна гэж байснаас үзэхэд хуулийн шаардлагыг урьдаас мэдэж байсныг харуулж байна. Түүнчлэн ОХУ-ын “Монголросцветмет” ХХК болон Монголиан коппер корпорацийн хооронд 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлсөн байхаар мөн 2016 оны гуравдугаар сарын 17-ны хувьцаа худалдах, худалдан авах тухай толгой гэрээ байгуулсан тухай тусгасан байгаа нь Монгол Улсын эрх бүхий байгууллага давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргахаас өмнө хэлцэл хийж байсныг нотолж байна.
- Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг зөрчсөн шийдвэрийг үндэслэл болгон хийсэн хэлцлээр шилжүүлсэн өмчлөлийн зүйлийн хувийн өмчийн эрх холбогдох этгээдэд шударгаар очсон гэж үзэх энэхүү эрхийг хамгаалах хууль зүйн хангалттай үндэслэл бүрдээгүй байна.
- Иргэн Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал нар нь УИХ-ын 2017 оны 23-р тогтоол, Үндсэн хуулийн 16-р зүйлийн 12, 14 дэх заалт, 19-р зүйлийн 1, 46-р зүйлийн 1, 2 дох хэсэг, 64 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тухай мэдээллийн шаардлагаар Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж үзсэнээс цэцийн 2017 оны 103 дугаар тогтоолоор татгалзсаныг дурдаж байна.
Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 2 дох хэсгийг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь:
- УИХ-ын ""Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", 5 дугаар зүйлийн 2 дох хэсгийн "Төр нь хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно", 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Хөдлөх, хөдөлмөрлөх, шударгаар олж авсан өмчийг өмчлөх, өв залгамжилж авах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговрын үнийг төлнө", 45 дугаар зүйлийн 2 дох хэсгийн "Засгийн газрын тогтоомж, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ-д хүчингүй болгоно", 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хууль төрийн байгууллагын бусад шийдвэр, хуульд бүрнээ мэдсэн байвал зохино" гэснийг тус тус зөрчөөгүй байна.
- "Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК -ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд Монголиан коппер корпорацийн ОХУ-ын "Ростех" корпорацид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төр төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай.
- Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц дэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дох хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 16 хоногийн дотор хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай гэсэн байна.