
Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академиас хамтран зохион байгуулж буй “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг өнгөрсөн оны 11-р сарын 1-ний өдөр зарласан.
Увс аймгийн нийт 26 Ерөнхий боловсролын сургууль "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" болзолт уралдаанд хамрагдаад байна. Зохион байгуулах хорооноос гаргасан удирдамжийн дагуу сургууль тус бүр ажлын төлөвлөгөө боловсруулан Олимпын боловсролыг олон нийтэд түгээх ажлуудыг өрнүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн 2-р сараас эхлэн Увс аймаг даяар "Олимпын аян" эхлээд байна.
Увс аймгийн Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургууль нь Болзолт уралдааны хүрээнд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Олимпын танхимаа шинэчлэн тохижуулж үйл ажиллагааны шинэчлэл хийх, сурагч, багш, эцэг эхчүүдийн дунд Олимпын боловсролын хичээл, сургалтыг явуулах, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах, гар зураг, эсээ бичлэг, мэтгэлцээний уралдаануудыг амжилттай өрнүүлээд байна. Тус сургуулийн "Ирээдүй" Олимпын танхим нь тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2014 онд улсын шилдэг Олимпын танхимаар шалгарсан түүхтэй.
"Ирээдүй" олимпын танхимаас Болзолт уралдааны хүрээнд сурагчдын дунд төдийгүй багш хамт олон, эцэг эхчүүдийн дунд Волейбол, Сагсан бөмбөг, Чөлөөт бөх, Үндэсний бөх болон Шатрын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулжээ.