
Хүүхдийг Ивээх Сан нь 2015-2018 онд Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд хэрэгжүүллээ. Нэгдүгээр ангид суралцагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон, захын хорооллуудын хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн сургуульд дасан зохицох болон суралцах чадварыг сайжруулах зорилготой энэхүү төсөлд нийт 204,641 хүн хамрагдаж шууд үр шимийг хүртсэн байна.
Төслийн амжилт, үр дүн:
- Бага ангийн 1,523 багшид шат дараалсан сургалтуудыг зохион байгуулав Эдгээр багш нар сургалтын идэвхтэй аргазүйгээр дамжуулан 65,000 гаруй хүүхдийн суралцах чадварт дэмжлэг үзүүллээ
- Сургуулиуд шинэлэг бодлоготой болж, нэгдүгээр ангийнхныг загвар сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна
- Сурагчдын суралцах үйл явцыг дэмжих олон төрлийн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, тэдгээрт 46,000 гаруй эцэг эхчүүд хамрагдав
- БСШУСЯ-тай хамтран “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.
Дээрх үйл ажиллагааг зорилтот сургуулиудад хэрэгжүүлэх явцад сургуулийн хамт олон, багш нар болон эцэг эхчүүдийн санаачилгаар хүүхдүүдийн сургуульд дасан зохицох болон суралцах чадварыг сайжруулах олон шинэлэг арга барил, туршлагууд бий болсоныг Хүүхдийг Ивээх Сан өнөөдөр танилцуулж байна. Тухайлбал, төсөлд хамрагдсан 37, 117 дугаар сургууль “Сургуультай танилцах аялал” зохион байгуулдаг болжээ. Энэ нь анх сургуульд орж байгаа хүүхдэд “үл таних ертөнц” болох сургуулийн орчныг ойртуулах, эерэг зөв сэтгэгдэл төрүүлэхэд чухал нөлөөтэй арга хэмжээ юм. 39-р сургууль 6 настай хүүхдийн тоглонгоо суралцдаг онцлогт тулгуурлан, уншлагын хөзөр - ширээний тоглоомыг ашиглаж байна. Бүх үсэг, үеийг ард талд нь хэвлэсэн хөзрийг эцэг эхчүүд хамтран бэлдэх ба хүүхдүүд чөлөөт цагаараа хөзөр тоглонгоо үсэг, үе, үгийг унших, нүдлэх, бичих чадвараа хөгжүүлдэг. Харин 17-р сургууль нэгдүгээр ангийн багш нарын ажлын ачааллыг бууруулах, хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа зохион байгуулахад нь туслалцаа үзүүлэх зорилгоор сургуулийн бусад багш нарыг хамруулан, гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материал хийж туслах аяныг өрнүүлсэн юм. Багш нарын бэлтгэсэн даалгаврын сан, зурагт тоглоом, том жижиг ном гэх мэт олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн нь 6 настнуудын анхаарлыг тогтоох, мөн багш нарын хамтын ажиллагааг дэмжсэн арга хэмжээ болжээ.
Эдгээр болон бусад шилдэг арга туршлага нь зорилтот сургуулиудад тодорхой хугацаанд туршигдаж, хүүхэд, эцэг эхчүүдэд үр дүнгээ өгсөн бөгөөд зургаан настнуудыг сургуульд дасан зохицох, суралцах чадварыг сайжруулах арга замыг эрэлхийлж байгаа сургуулиуд, бага ангийн багш нар болон эцэг эхчүүдэд удирдамж болох юм.