
-Уяачид хүүхдүүдийн насыг нэмж бүртгүүлжээ-
Засгийн газрын тогтоолгүйгээр, Монголын морин спорт уяачдын холбооныхон зохион байгуулсан Төвийн бүсийн “Дүнжингарав” уралдаан энэ сарын 18-нд Говьсүмбэр аймагт болж, шөнийн цагаар хүүхэд, морьд “тамлав”. Хөрөнгө, мөнгөндөө хахаж цацсан уяачид өөрсдөө хурдан төмөр хөлөгтөө суун гэрэл тусган давхилдаж байхад уралдаанч хүүхдүүд газрын баримжаа, мориныхоо зөнгөөр л бариа руу зүтгэсэн.
Энэ үеэр уяач нар хэчнээн хүүхдийн эрхийг зөрчсөнийг цагдаагийнхан дарагдуулж буй бололтой. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр албаныхан “ММСУХ-ны хүсэлтийн дагуу хэв журам сахиулсан. Хурдан морины уралдаан 07.00-21.00 цаг өнгөртөл үргэлжилж, азарга, их нас, соёолон, эрлийз морьд гэсэн дөрвөн нас уралдсан. Уралдаанд уралдааны зам нь хуурай, тоосжилт ихтэй байсны зэрэгцээ үлий ихтэйгээс шалтгаалан газар цөмөрснөөс есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргүүлсэн” гэж мэдээлсэн.
Харин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын баталсан тогтоолоор 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байх, хүүхдүүдэд стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөхөөр журамласан атал 12 настай 85, 13 настай 62, 14 настай 49, 15 настай 20 гэх зэргээр морь унаж уралдах 307 хүүхэд бүртгүүлсэн. Гэвч уяачид 12 нас хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ авчирч бүртгүүлчихээд, 12-оос доош насныхнаар морио унууллаа. Энэ үеэр 16 хүүхэд мориноос унасан. Тэдгээрийн гурав нь хүнд гэмтсэн байсан.
Шөнийн цагаар буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед уралдаанч хоёр хүүхэд машин мөргөж унан ухаан алдсан. Тэдний нэгийг ГССҮТ-д хүргэж эмчилгээ хийсэн. Биеийн байдал нь тогтворжиж байна. Нөгөө нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсний дараа эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн. Хөл нь хугарсан гэх мэтээр 16 хүүхэд гэмтээд байна.
ГССҮТ-д эмчлүүлж буй хамгийн хүнд гэмтсэн хүүхэд 11 настай, Төв аймгийн харьяат уяач нь түүнийг 12 настай гэж худлаа бүртгүүлсэн нь тогтоогдсон. Уралдааны зохион байгуулалт маш муу. Тэнд байгаа цагдаагийн алба хаагчид хүрэлцэхгүй, хяналтаа тогтоож чадахгүй байсан. Дугаар нь мэдэгдэхгүй машинууд морьтойгоо хамт нэг зам дээр ямар ч хяналтгүй орж ирж байлаа” гэлээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ хүүгийн гавлын яс хүнд гэмтсэн аж.
Хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байхыг нэг хэсэг нь шаардаж, бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэсэн ч морь уралдуулдаг улстөрч, сайд нар хойшлуулж цааргалсаар байгаад “Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож, хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглох”-оор арай гэж тогтсон билээ.
Уг нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульдаа “Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно” гэж заасан, ХЭҮК-оос өвөл, хаврын морины уралдааныг хориглох зөвлөмж өгсөөр атал 16 хүүхдийн эрүүл мэндээр “наадан” морьдынхоо чадлыг сорив. Магадгүй тэдгээр хүүхдийн дунд уяач нэртэй, хөрөнгө мөнгөндөө халгиж цалгисан эрхмүүдийн хүүхдүүд байгаагүй л болов уу.