
“Ингэж хэлээд, залбирч гуйлаа гээд өвчин зовлон ямар цаг хугацааг зогсоогоод дансанд эмчилгээний зардал орж иртэл хүлээх биш. Тиймээс минут, хормыг алдалгүй яаравчлах хэрэгтэй байна, түмэн олон, урлагт хайртай хүмүүс минь туслаач” гэж Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн гээд Монголын сор болсон уран бүтээлчид өчигдөр хэвлэлийнхнээр дамжуулан монголчууддаа хандлаа. Тэд Бирваагийн Мөнхдорж найруулагчийн эмчилгээний зардалд нэмэр, хандив болохын төлөө нэгдэн, цугласан нь энэ юм. Түүний биеийн байдал өдгөө тун тааруу байгаа бөгөөд бөөрний архаг дутагдлын улмаас Улсын II төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай, зайлшгүй хийлгэх шаардлагатай гэдгийг эмч нар оношилжээ. Бүр хоёр бөөрийг нь солих шаардлагатай аж.
“Театр бол хүний амьдралын толь, их сургууль, уран зохиолын ертөнцөөр аялуулдаг бясалгалын агуу ертөнц” хэмээдэг Ардын жүжигчин, энэ цаг үеийн соён гэгээрүүлэгчдийн гол төлөөлөгч Б.Мөнхдоржийг эмчлүүлэх боломжтой, эмчилгээний зардал нь 180 орчим сая төгрөг болно гэдгийг БНСУ-ын томоохон эмнэлгээс дуулгасан юм билээ. Тиймээс одоо цаг алдахгүй байх нь юу юунаас чухал гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчид онцолсон.
Хэдэн жилийн өмнө Мөнхдорж найруулагчтай уулзахад “Миний нас хэдийгээр зуугийн талаас давсан ч мөрөөдөл минь тасраагүй. Сэтгэлгээнд нөлөөлөх, өргөн цараатай бүтээлээс үзэгчид хорвоог олон өнцгөөр хардаг учраас “Галилей”-г тайзнаа дахин тавьж, Дорно дахины агуу зохиолуудыг ч “барьж” авмаар байна” хэмээж билээ. Тэрбээр ийм л хүн.
Тиймээс л түүнийг өвчинд “өгч” болохгүй гэдгийг Төрийн шагналт Н.Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчийн төрсөн дүү Б.Мөнхболд болон хуралд оролцсон төлөөлөгчид хэдэнтээ дурдаад “Хэвлэлийн хурлаар дамжуулан олон түмэнд хандах нь нэг талаас горьдлого. Нөгөө талаас боломж. Бид зүгээр л алгаа тосоод мөнгө гуйхыг урьтал болгохгүй. Мөнхдорж гэдэг уран бүтээлчийн шавь нар, Монголын урлаг соёлынхон нэгдэж, зохион байгуулахаар бэлтгэж буй тоглолт болон УДЭТ-т жүжиг үзэж, сэтгэл, оюунаа амрааж, баярлуулахын зэрэгцээ өвчтэй нэгэндээ тусалж, хандив өргөөрэй” гэж уриаллаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж “Монголын тайз, дэлгэцийн урлагийн сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд бэлтгэгдсэн боловсон хүчний дийлэнх нь Мөнхдоржийн маань шавь. Тиймээс бид түүнд өртэй. Тэр бол манай театрын өнгийг тодорхойлогч, ажилдаа чин сэтгэлээ өгч чадсан, бидний “ташуур” болсон, бурхан шиг хүн” гэсэн бол Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар “Хүнд хэцүү цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Дараа нь харамсахгүйн тулд цаг алдалгүй хөдлөх хэрэгтэй байгааг хүмүүст аргагүйн эрхэнд дуулгаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 13, 14-нд “Улаанбаатар палас”, Бөхийн өргөөнд болох театр болон хошин урлаг, рок попынхны хамтарсан тоглолтын бүх орлогыг найруулагчийнхаа эмчилгээний зардалд зориулах учраас олон түмэн минь ирж заавал үзээрэй” гэв.
Бид “Хүүхдийн төлөө” гээд л нэг их гоё ярьдаг. Яг үнэндээ эх орныхоо хойч ирээдүйн төлөө чин сэтгэлээсээ хийдэг нь, тэднийг дэмждэг нь хэд бол. Тэгвэл Б.Мөнхдорж найруулагч хүүхдэд зориулсан “Хөх гацуурхан” театр байгуулсан гавьяатай хүн. Өөрөө болохоор үүнийгээ “студи” хэмээн даруухан хэлж, гэрчилгээгээ авсан. СУИС-ийн оюутан, залуу уран бүтээлчдэд үнэ төлбөргүй байнга сургалт явуулдаг тус студийн зорилго нь их том. Хүүхэд багачууд, өсвөр насныхны онцлогт тохирсон бүтээлээр дамжуулан урлагийг мэдрүүлж, иргэн хүнийг төлөвшүүлэх, театрын үзэгчдийг бэлтгэхийн зэрэгцээ залуучуудаа дэмжих зорилготой. Тэгэхээр Б.Мөнхдорж гэдэг хүний зүрх юуны төлөө цохилдог нь тодорхой. Тэрбээр ийм л нэгэн бөлгөө.
Ийм учраас л бид сэтгэл, зүрхээ ганц удаа боловч түүний төлөө зориулах хэрэгтэй цаг үе ирснийг сануулсан Ардын жүжигчин П.Цэрэндагва “Миний анд, театр, дэлгэцийн гайхалтай найруулагч, сурган хүмүүжүүлэгч Мөнхдоржийн биеийн байдлын талаарх мэдээллийг олон нийтэд түгээхэд хэвлэл, мэдээллийнхний үүрэг чухал. Тиймээс та бүхэнд хандаж байна. Бидэнд цаг мөч бүр үнэтэй болсныг дамжуулж өгөөрэй. Монголд Мөнхдоржийн шавьгүй аймаг, сум бараг үгүй. Та бүхэн багшдаа туслаарай” гэсэн юм.
Гурван үеэрээ урлагт зүтгэсэн гэгээн удамтай, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Бирваагийн хүү Мөнхдорж бол Монголын сор уран бүтээлч, мөр болгон нь соён гэгээрүүлэх үр тариалдаг нэгэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Түүний эмчилгээний зардалд бага гэлтгүй хандив өргөхийг хүсвэл ХААН банкны 5020291613 гэсэн данс нээлттэй байна.
“Мөнхдорж зөвхөн найруулагч биш. Тэрбээр УДЭТ-ыг нэгэн үед үүрч дүүрсэн гавьяатайн дээр судлаач, эрдэмтэн хүн. “Данзанравжаагийн найруулгын дэг жаяг” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаад өвчинд “дээрэмдүүлчихлээ” гэж Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Н.Ганхуяг хэвлэлийн хурлын үеэр ярьсан юм.
Мөнхдорж найруулагч аа, Та хурдан эдгээд эхлүүлсэн том ажлаа заавал дуусгаарай.