
Хуульчдын холбооны тэргүүн Ж.Хунан уржигдар орой олон нийтийн сүлжээнд шүүхийн шийдвэртэй эвлэрэхгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл бичиж, маргааш нь устгасан юм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх уржигдар түүний ээж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан Т.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэргийг хэлэлцсэн юм.
ШЕЗ-өөс түүнийг тэтгэврийн насанд хүрсэн гэж үзээд Төрийн тэргүүнд хандсан бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Үүнтэй Т.Уранцэцэг шүүгч санал нийлэхгүй, амралттай байхад ажлаас чөлөөлсөн хэмээн гомдол гаргасан аж. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ШЕЗ, Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчөөгүй хэмээн шийдвэрлэжээ.
Энэ шийдвэртэй Хуульчдын холбооны тэргүүн, Т.Уранцэцэг шүүгчийн хүү Ж.Хунан санал нийлэхгүй, шүүгчдийн эсрэг элдвийг бичсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн байна. Хуульчдын холбооны тэргүүнээр томилогдох үед нь л өмгөөлөгч, шүүгчдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан түүний болчимгүй үйлдэл удирдаж буй холбоог нь задлах эрсдэл учруулж болох юм.


Шүүгчдийн холбооныхон Хуульчдын холбооноос гарах тухай өнгөрсөн зун, намар эрчимтэй яригдаж байгаад намжсан. Харин Ж.Хунан ерөнхийлөгчийн олон нийтийн сүлжээнд тавьсан мэдэгдэл үүнийг сэдрээж, даарин дээр давс хийж холбоог нь хуучны Шүүгчдийн холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо гэх зэрэг тус тусын үйл ажиллагаатай болгочих вий.