
Дэлхийгээр аялагч Кэси Дэ Пэкол гэх америк залуу бүсгүй хамгийн богино хугацаанд 196 орноор аялахдаа, Монгол орныг минь аялахад хамгийн тохиромжтой 10 орны тоонд багтаан, нэгээр эрэмбэлсэн удаатай. Мөн АНУ-ын Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр энэ онд гуравдахь жилдээ дараалан шалгараад байна. Энэ мэт сайхан мэдээг сонсоод, омогших сэтгэл өөрийн эрхгүй төрөхийн сацуу хүний нутагтай харьцууламгүй газар шороогоо шүтдэг.
Гэсэн ч бидний байгаадаа ханадаггүй сэтгэлээс ч тэр юм уу "Ишш миний муу бор хүүг яаж тоосон юм бол доо" гэж ээж нь хүүгээ чамалдаг шиг хүний нутгийг үзэж ирээд, өөрийнхтэйгөө харьцуулан чамлах нэгэн ч бий.
Аялал Жуулчлалын Олон Улсын Нийгэмлэгийн 10 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд эх орондоо нэг сая жуулчныг татах зорилготой гэнэ.
Юу байна түүгээрээ л дайл гэдэг. Бид ингэхэд ирэх жуулчдаа юугаараа дайлахсан билээ гээд бодоход Миний нутаг шүлгийн
"Тал сайхан нутагтай билээ
Тансаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ" мөрүүд санаанд буух.
Гэвч талыг нь ухаж, усанд нь угаахгүй юм угааж, таван хошуу мал нь шүлхий өвчинд нэрвэгдэж, тараг айраг нь тэнгэрт хадсан үнэтэй болсон мэт. Үзүүлье гэвэл хүний гар хүрээгүй хэсэгхэн үлдсэн байгальдаа л аваачих байх. Үсрээд л Цонжин болдог руу дагуулж явах байх.
Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайгаас "Тун удахгүй "Алтан гадас" урлагийн наадмаар ОХУ-ын Буриад, Эрхүү, Зайбакальск мужаас манайд ирэх олон авьяастан хүүхэд залуучуудад та юугаа үзүүлж, юугаараа дайлахсан бол" хэмээн асуухад минь тэрээр "Бидэнд биет бус өв их бий. Урлагаар дамжуулан олон үндэстэн ястны хүүхдүүдийн сэтгэлийг татах зорилготой байна. Тал сайхан нутгаараа ч аялуулна. Харин биет, хүний гараар бүтээсэн үзвэр цөөхөн юм даа" гэж хариулна билээ.
Нээрэн л бидэнд өөрсдөө бүтээсэн зүйл юутайсан билээ. Бэлэн өгөгдлөө торддоггүй бидэн шиг улс байна уу?
Тэр нэг жилийн оюутны намар Өвөр монголын Ордос хотоор аялахдаа "Чингисийн онгон"-ыг үзээд ядахдаа Цонжин Болдог энэ дайны ч биш шүү дээ гэж эрхгүй бодогдож байсан.
Гадаадын улс орнууд хүний санаанд оромгүй зүйлсээр жуулчдыг татаж, тэр хэрээрээ мөнгө олж байна. Лондонд л гэхэд Харри Поттер киноны орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь тус киноны үзэгчдийг зорин очиход хүргэж байна.
Солонгос улс гэхэд "Өвлийн хайрын дуу" киноны зураг авалт болсон газар очих хүсэлтэй хүмүүс байдаг нь санаанд оромгүй. Гэвч тэд чадаж байна.
Бид тал нутгаа ухаж бус үзүүлж мөнгө олох боломж байхад юунд ингэж хайр найргүй ханддаг юм бол доо.