
“Багануур” компанийнхан жилд 190 мянган тонн нүүрс боловсруулж, 100 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх төсөл боловсруулжээ. Уг үйлдвэрээс утаагүй түлшнээс гадна 11.5 мянган тонн давирхай, мөн ийм хэмжээний хий гаргах аж. Төслийг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн барилга барих шаардлагагүй гэнэ.
Харин ашиглахгүй байгаа барилгаа засаж, инженерийн шугамд холбоод тоног төхөөрөмжөө суурилуулахад үйлдвэр ажиллуулах боломжтой юм байна. Утаагүй түлшний үйлдвэр барихад 22.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтаа гурван жил гаруйн хугацаанд нөхөх тооцоо гарчээ.
БНХАУ 2015 онд америк, австраличуудын бүтээсэн утаагүй түлшний технологийн патентыг худалдсан авсан байна. Улмаар 2016 онд жилд тус бүр 50 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр барьжээ. Тэгвэл өнгөрсөн онд жилд тус бүр 300 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гурван үйлдвэр барьсан аж.
Өмнөд хөршид туршсан энэ технологийг ашиглаж “Багануур” үйлдвэр барихаар ТЭЗҮ боловсруулсан юм байна. “Багануур”-ынхан нүүрсний дээжээ Хятадын үйлдвэрүүдэд илгээж, туршилт хийхэд сайн үр дүн гарчээ. Засгийн газраас бодлогоор дэмжвэл хөрөнгө оруулалт татаж уг төслийг хэрэгжүүлэхээр тус компанийнхан төлөвлөсөн аж.