
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" тайван жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Жагсаалыг зохион байгуулагчид "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал энэ сарын 31-ний өдөр болох бөгөөд одоогоор 415 мянган гишүүн элсээд байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Бид хүүхэд хүчирхийлсэн этгээдэд торгууль биш ял оноож, энэ төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй байхыг хүсэж байгаа. Хүүхдэдээ тавих хараа хяналтыг эцэг эхчүүд хүүхдэдээ тавих халамж гэж ойлгоод байна. Хүүхэд хүчирхийлсэн хүмүүсийн дийлэнх нь ээж аавыг нь таньдаг хүмүүс байдаг юм байна.
Энэ олон ээжүүд Монголын нийт ээжүүдийн дуу хоолой болж энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаж байж, ёс бус авир гаргахгүй байхыг жагсаалд оролцохоор ирэх хүмүүсээс хүсэж байна. Энэхүү "Дахин тэвчихгүй" жагсаал тайван, улстөрийн шинж байхгүй.
Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт бид хүргүүлнэ. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор авах хүсэлтээ мөн илэрхийлнэ" гэлээ. Харин "Дахин тэвчихгүй" тайван жагсаалд оролцох аавуудын төлөөлөл "Гуравдугаар сарын 31-ний өдөр бид зөвхөн хүүхдийн эрхийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлнэ. Бид бүхэн жагсаал цуглаан хийх хуулийн дагуу холбогдох бүх байгууллагуудаас зөвшөөрөл авсан. Жагсаал тайван болоосой гэж хүсэж байна. "Дахин тэвчихгүй" жагсаал 11:00-15:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана" гэсэн юм.