
“Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж олон нийт дүгнэсэн. Тэгвэл Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал энэ сарын 27-нд болж, журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна.
ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авлаа. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.