
Хүүхдийн хүчирхийлэл газар авч нийгэм, олон нийтийг цочроосон олон хэрэг гарч байгаатай холбогдуулан "Дахин тэвчихгүй" эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр Төв талбайд зохион байгууллаа. Энэхүү жагсаалыг долоон ээж анх санаачилсан бөгөөд хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах8 гэр бүлийн хүрээнд хүүхдээ хамгаалахыг уриалсан юм. "Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 70-80 орчим хувь нь эцэг эх, хамаатан садам, ямар нэгэн байдлаар зүс таних хүмүүст, үлдсэн хувь нь танихгүй хүнд хүчирхийлүүлсэн байдаг. Иймд хүүхдийн төлөөх байгууллагууд албан газар болон сургуулиудад зөвлөл байгуулан, хүүхдээ хэрхэн аюул ослоос хамгаалах вэ гэсэн сургалт зохион байгуулж байгаа. Эцэг эх нар ч хүүхдээ хамгаалахын цаад утга учрыг сайн ойлгох нь чухал. Зөвхөн сургуульд нь хүргэж өгчихөөд, орой тарахад нь авах бус анхны туслалцаа, зөвлөмжийг өгөх ёстой. Тэгэж чадвал хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Жагсаалын ард ямар нэг бодлого, улс төрийн хүчин байна гэх хардлага хүмүүсийн дунд байна. Тайзны ард ч гэсэн бидний хэний даалгавраар ийм ажиллагаа зохион байгуулж байгааг асууж, шалгааж, үймээн дэгдээхийн оролдох хүмүүс ч байлаа. Энэ бол зөвхөн хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовнисон ээж аавуудын санаачлан хэрэгжүүлсэн ажил. Иймд битгий улс төртэй холбоосой гэж хүсэж байна" хэмээн зохион байгуулагч О.Анхмаа хэллээ.
-Жүжигчин Хасар Жагаа буюу МУГЖ Б.Жаргалсайхан: Юм бүхний анхдагч нь гэр бүл байдаг
-Төв талбайд маш чухал үйл ажиллагаа боллоо. Энэ үйлд Монгол хүн бүр оролцох ёстой. Үзэл бодлоо ч илэрхийлэх учиртай. Уран бүтээлч бидний хувьд ч энэхүү үйл ажиллагаанд зайлшгүй оролцох шаардлагатай гэж үзсэн. Мөн хүүхэд, залуусын "Хангарьд" эвсэл, ЦЕГ-тай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг уран бүтээл хийж байгаа. Тус бүтээл тун удахгүй ирэх сарын 15-20-нд тайзнаа тавигдана. Юм бүхний анхдагч нь гэр бүл байдаг. Иймд гэр бүлийн бүхий л асуудлыг хөндөн харуулна.
-Дижитал хамтлагийн дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэг: Сүүлийн үед хамгийн их хохирч байгаа нийгмийн хэсэг нь хүүхдүүд болж хувирчээ
-Хүүхэд бүр математикч болох албагүй, гэхдээ заавал эцэг эх болдог. Иймд монголын мянга мянган залуус үр хойч болсон хүүхдүүдийнхээ төлөө нэгдэхээс өөр аргагүй. Сүүлийн үед хамгийн их хохирч байгаа нийгмийн хэсэг нь хүүхдүүд болж хувираад байна. Томчууд эрхийнхээ төлөө дуугардаг мөн үзэл бодлоо илэрхийлдэг. Өнгөрсөн 20-30 жилийн турш магадгүй өөрсдийнхөө эрх ашгийн төлөө жагссан байх. Одоо үр хойчийнхоо төлөө дуугарах цаг нь болжээ. Аливаа нэгэн улс төрийн хүчнээс бус өөрсдийнхөө хүсэл зоригоор өнөөдөр талбайд цуглаад дуу хоолойгоо өргөж байгаагаар нь бахархаж байна. Долоон хүүхэдтэй эцгийн хувиар залуучуудтайгаа хамт зогсож байна. Хүчирхийлэл гарч байгаагийн шалтгаан нь хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа ажил нь нийгмээсээ хоцрогдсон, хоцорсон байгаатай холбоотой. Өнөөдөр нийгэмд болж буй асуудлууд нь олон жил бугшсан нийгмийн үр дагавар гэж харагдаж байна.
-ДБЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ: Хүүхдээ өөрөөсөө алхам ч хол байлгаж болохгүй болжээ
-Энэхүү жагсаалын үр дүн гараасай гэж хүсэж байна. Сүүлийн үед аймшигтай хэргүүд их дуулдах болж. Хүүхдээ өөрөөсөө алхам ч хол байлгаж болохооргүй болжээ. Бидний энэ жагсаалд оролцож, дуу хоолойгоо өргөнгөө ганц л зүйлийг хүсэж байна. Жагсаалын үр дүн л гараасай. Хүчирхийлэгчдэд ч чанга ял оноодог болох хэрэгтэй.
-Иргэн Ж.Батболд:
-Юуны өмнө жагсаалыг зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Гэхдээ жагсаал их сул байна. Би хорь гаруй жил Төв талбайдаа гэрэлтэй нийгмийг бий болгохын төлөө жагссан. Иймдээ ч ирээдүйнхээ төлөө эрх баригчдаас шударга, сайхан нийгмийг шаардах эрхтэй. Миний хувьд хүсэж байгаа зүйл бол ердөө л ганц. Цаазын ялыг сэргээх юм. Улаан нялзрай үрсийг хүчирхийлж байгаа хүмүүс бол оюун санаагаараа эрүүл бус, гаж донтнууд юм. Нийгэм оюун санаа болон бие махбодиороо эрүүл байх ёстой. Цаазгүй улс болсноороо энэ нийгэм улам л хэрцгий болсноос өөр өөдөлсөн зүйл алга. Насан туршдаа мартагдахгүй шарх авчихаад гэмт хэрэгтнийг гадуур сул явж байгааг мэдрэх тухайн хүнд ямар санагдах бол. Бид тэдний оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй. Би гурван охинтой хүн. Эмэгтэй ач зээ ч бий. Тэдэндээ гэрэлтэй ирээдүйг бий болгохыг хүсэж байна. Иймээс Ерөнхийлөгч Х.Баттулгаас цаазын ялыг сэргээж өгөхийг хүсэж байна.
-Жүжигчин Г.Алтаншагай: Хүчирхийлэгчдийн нэр, зураг зэрэг мэдээллийг олон нийтэд зарлаж байхыг шаардаж байна
-Жагсаалыг харлуулах, гүтгэх шинжтэй сөрөг мэдээллүүд маш их явагдлаа. Бид зэвсэг бариагүй, маш тайван жагсаж байна. Ямар нэгэн улс төрийн хүчин, хэн нэгэн эрхмийн захиалгаар бус жирийн л ээж аавууд үр хүүхдийнхээ төлөө итгэл сэтгэлээр жагслаа. Үр дүнд ч хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын хүүхэд бүр аюулгүй, эрүүл амьдрах ёстой. Тэдний нүднээс нулимс гарахыг бид тэвчихгүй. Би хүний хүүхэд гэдэг сэтгэлээр хандалгүй, өөрийн мэт санаж, анхаарал хандуулаасай гэсэн ганцхан хүсэлтэй. Мөн хүүхдийн гэмт хэрэгт холбогдоод байгаа этгээдүүдийн овог нэр, зураг, эрхэлдэг ажил зэргийг олон нийтэд зарлахыг шаардаж байна. Яагаад тэднийг иргэн Б, Х гээд байгаа юм бэ. Тийм л их хүний эрх гэж ярих дуртай юм бол хүүхдүүдийнхээ эрхийг яагаад хамгаалахгүй байгаа юм бэ.
-"Маск" продакшний жүжигчин М.Баярмагнай:
-Би урьд өмнө нь ямар ч жагсаалд оролцож байгаагүй. Гэхдээ өнөөдрийн жагсаалд заавал оролцох ёстой гэсэн үүднээс продакшнийхаа хамт олны хамт ирлээ. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө дуу хоолойгоо нэгтгэж чадах ч болно. Хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь өөрөө л авахгүй бол хүнд итгэж, найдаж болохгүй нийгэм иржээ. Хүүхдийн хүчирхийлэл гарч байгаад гэр бүл салалт тодорхой хувийг эзэлж байна. Салалт бүрт хүүхдийн эрх ашиг бага ч гэсэн хувиар зөрчигдөж байгаа нь нууц биш. Тиймээс үерхэж, нөхөрлөж байгаа хүнээ сайн таньж байж гэр бүл зохиогоосой гэж хүсэх байна.









