
“Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нутгаа ухуулахгүй гэж тэмцэж яваад харийн шуналтнуудын гар хөл болсон хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй болтлоо зодуулжээ” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Чухам юу болсон талаар Батноровын иргэд, аймгийн прокурорын байгууллагынхнаас тодрууллаа.
Энэ явдал нэгдүгээр сарын 17-нд болжээ. Засаг дарга Г.Тайванжаргал нар нэг айлын буяны ажилд очих гэж яваад замдаа өнгөт чулуу түүж буй нутгийнхаа хэдэн хүнтэй тааралдаж. Ингээд “чулуу түүхээ боль” гэсэн шаардлага тавьсан байна. Гэтэл тэнд байсан нэг эмэгтэй хэдэрлэж, хэрэлдсэн гэнэ. Энэ үед Засаг дарга тэр эмэгтэйг түлхэн унагажээ.
Гэтэл ах, дүү нар нь “Чи эмэгтэй хүнд гар хүрлээ” хэмээн давшилж, нэг нь гартаа барьсан чулуугаар цохисон гэнэ. Энэ хэргийг Хэнтий аймгийн Бэрх тосгон дахь Цагдаагийн хэсэгт шалгаж байгаад аймгийн Цагдаагийн газар руу шилжүүлсэн аж. Засаг даргад гар хүрсэн гэр бүлийнхэнд “бүлэглэн төрийн албан хаагчид халдсан” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэмээн прокурорын байгууллагын эх сурвалж хэлэв.
Цагдаагийнхан энэ хугацаанд шүүх эмнэлгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулахад хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэжээ. Засаг дарга Г.Тайванжаргал шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахиж шинжилгээ хийлгэхээр болсон аж.
Хэнтий аймгийн сумдын Засаг дарга нар өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Тайваниас туршлага судлахаар явсан бөгөөд Г.Тайванжаргал тухайн оронд дахин шинжилгээ хийлгэхээ ч цагдаа, прокурорынхонд илэрхийлсэн гэнэ. Тиймээс Батноров сумын Засаг даргыг Тайваниас ирэхээр нь хэргийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлнэ хэмээн Хэнтий аймгийн Прокурорын газрын эх сурвалж хэллээ.