
АТГ-аас дөрөвдүгээр сарын 01-нд "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Дубайн" гэрээтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тэгвэл өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баярцогтыг суллах, үргэлжлүүлэх хорих эсэх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, шүүхээс түүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж, шалгахаар болсон байна.. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан байцаалт авах гэнэ. Тэрбээр яг одоо АНУ-ын Денверт байгаа бөгөөд дуудах хуудас илгээсэн ч эх орондоо ирэхгүй бол инперполоор эрэн сурвалжилна хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.