Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хэд хэдэн хүн АТГ-т шалгуулж буй билээ. Тухайлбал, С.Баяр, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нараас тус газар болон нийслэлийн Прокурорын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн тайлбар, мэдүүлэг авсан бөгөөд өчигдөр Ч.Сайханбилэгийг нэлээд удаан хугацааны турш байцаасан юм.
Эх сурвалж “4-5 цагийн турш Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар мэдүүлэг авсан” хэмээсэн. Тэрбээр уржигдар 23.00 цагийн үед Сөүлээс ирсэн онгоцоор эх орондоо буусан бөгөөд түүнээс өмнө “АНУ-д эмчлүүлж буй дүүгээ сахиж байгаа, удахгүй очно” хэмээн захидал бичсэн билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог өнгөрсөн сарын 26-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хамтран нягталж байна” хэмээсэн.
Ч.Сайханбилэгийг онгоцноос буунгуут нь баривчилсан гэх мэдээлэл зарим цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч энэ нь ташаа, өөрөө хүрч ирсэн гэдгийг албаныхан хэлсэн. Түүнээс мэдүүлэг авахдаа АТГ-ынхан НПГ-ын хяналтын прокурор Д.Ширэндэвийг байлцуулсан гэдгийг ч албаны эх сурвалж хэлээд байцаалт дууссаны дараа албадан саатуулж болзошгүйг дуулгав.
Түүнээс тайлбар мэдүүлэг авч байхтай зэрэгцээд Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ байгуулсантай холбоотойгоор шалгалтын ажиллагаагаа лавшруулж саатуулахаар боллоо гэх мэдээлэл түглээ. Албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгэсэнгүй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан “Манайд одоогоор дээрх хүмүүсийг албадан саатуулахаар авчраагүй” гэсэн юм. Шүүхийн эх сурвалжууд ч “Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих санал ирээгүй” гэлээ. Шүүхэд хүсэлт хүргүүлэхээс өмнө мөрдөгч, прокурорууд 48 цагийн хугацаанд албадан саатуулах эрхтэй учраас үүнийхээ дагуу түр саатуулсан байж болзошгүй юм.
С.Баяр, Ч.Сайханбилэг нараас өмнө Ерөнхий сайд асан, Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайханыг эх оронд нь дуудан Оюутолгой, Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг авч, улмаар одоогоор аль нэг тийшээ явж болохгүй талаар сануулсан. Эдгээр үйл явдлаас өмнө Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэж буруутган цагдан хорьчихоод байгаа билээ.
Өчигдөр 21.00 цагийн үед авсан мэдээллээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу хүргэжээ.