Австралийн Засгийн газар, Зориг сангаас зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хүрээнд “Хүүхэд ба утаа” төсөл нийслэлийн 80 дугаар цэцэрлэг дээр 2017 оны 11 сараас 2018 оны 4 сар хүртэл хэрэгжиж дууслаа. Төслийн үр дүнг тайлагнах, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан төрийн түшээдэд зөвлөмж гардуулах уулзалт өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 12-нд Сити төвийн 702 тоотод болно.
Өртөг багатай хэрнээ өндөр үр дүн бүхий цогц арга хэмжээнүүдээр 400 орчим хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалж, үлгэр шижээ болгон харуулахыг энэхүү төслийг санаачлагчид зорьсон. Төслийн үр дүнд үндэслэж дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
Анги танхимын доторх агаарын чанарыг сайжруулах чиглэлээр:
- Дан агаар шүүгч бус агаар сэлгэгч систем суурьлуулах нь илүү үр дүнтэй нь нотлогдсон. Өргөн хэрэглэгдэж буй агаар шүүгч төхөөрөмж бол зөвхөн дотор агаарыг эргэлдүүлдэг бол агаар сэлгэгч нь гаднаас агаарыг 7 давхар шүүлтүүрээр дамжин оруулж буцаад агаарыг сорж гаргадаг. Агаар сэлгэгчийн давуу тал бол хүчилтөрөгчөөр өрөө тасалгааг хангаж агаарын урсгал солилцоог бий болгодог. Агаар сэлгэгч төхөөрөмж суурьлуулсан ангиудын хүүхдүүдийн өвчлөл 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1 ба 2 дугаар саруудад бусад ангиудтай харьцуулахад 19-36% буурсан бол хүүхдүүдийн ирц 10-15% нэмэгдсэн байна.
Амны хаалт хэрэглүүлэх дадлыг бий болгох чиглэлээр
- Бага насны хүүхдийн онцлогт тохирсон, стандартад нийцсэн, ХЕПА шүүлтүүр бүхий амны хаалт Монголын зах зээлээс олдоц бага байсан. Амны хаалт хэрэглэх дадлыг бий болгоход хамгийн чухал хүчин зүйл бол эцэг эхийн үлгэр дуурайл болон хяналт юм. Аав ээж нь гарахдаа маск зүүвэл хүүхэд дагаад л зүүдэг, харин эцэг эх маскны хэрэглээний хугацааг маш нарийн хянаж цаг тухайд нь шинээр сольж өгөхгүй л бол эсрэг үр дүн гарах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн цагаан өнгөтэй бус, хүүхдийн маск зүүх сонирхолыг төрүүлэхүйц зурагтай бол дадал хэвшүүлэхэд дөхөм болно.
Дархлааны тогтолцоог дэмжих чиглэлээр
- Хүүхдийг чийрэгжүүлэх, дархлааг нь сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлын нөлөөг тэсвэрлэх чадвар сайжирдаг талаар НҮБ-ын Хүүхдийн Сан нотолсон байна. Дархлааг дэмжих нэг арга зам бол олон төрөлт бичил тэжээлийг эрсдэлтэй улиралд хэрэглүүлэх явдал юм. Төслийн үр дүнгээс харахад 4 сарын турш хэрэглэсэн ангиудын хүүхдүүдийн ирц 18-25%-иар илүү, харин өвчлөл 18-40%-иар бага гарсан байна. Ангийн багш нарын ажиглалтаас дүгнэхэд олон найрлагат бичил витаминыг цэцэрлэг дээр өгөхөд хүүхдүүдийн цэцэрлэгтээ өдөр бүр таслалгүй ирэх хүчин зүйл болсон байна.
Дээрх 3 арга хэмжээг зэрэг хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байна.
Агаар сэлгэгч төхөөрөмж суурьлуулсан, амны хаалт хэрэглэсэн, олон төрөлт бичил тэжээлийг хэрэглэсэн 200 орчим хүүхдэд хамгийн өндөр үр дүн гарсан буюу хүүхдийн өвчлөл 45-60%-иар бага, харин ирц 30-50% илүү байсан байна. Тиймээс цэцэрлэгүүд эдгээр 3 төрлийн арга хэмжээг агаарын бохирдол өндөр улиралд авбал хүүхдүүдийн эрүүл мэндийг тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой.
Мэдлэг мэдээллийг бий болгох чиглэлээр
- Бага насны хүүхдүүд насанд хүрэгчдээс бүрэн хамааралтай байдаг тул эцэг эх, асран хамгаалагчдад зөв мэдээлийг өгөх, сургалт уулзалтыг тогтмол зохион байгуулах, тэдний оролцоог хангах нь нэн чухал. Төслийн хүрээнд зохион байгуулсан ердөө 4 удаагийн сургалтын үр дүнд эцэг эхийн мэдлэг, хандлага, оролцоо нэмэгдсэн тодорхой үр дүн харагдаж байна. Тухайлбал өвлийн хүйтэнд хүүхдүүдээ гадаа гарахад шүүлтүүртэй амны хаалт зүүлгэдэг байсан эцэг эх 35% байсан бол 90% болтлоо өссөн, дархлааг дэмжих амин дэм, витамин хүүхдүүддээ өгөх дадал 16% өссөн, өвлийн улиралд хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт салхинд гардаг эцэг эх 21%-иар нэмэгдсэн гэх мэт үр дүнг дурьдаж болохоор байна.