-Тэднийг үргэлжлүүлэн хорих шүүх хурал өнөөдөр болно-
Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголия инк”, “Айвенхоу майнз Лимитед”, “Рио тинто интернэйшнл холдингс лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-нд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 оны Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж буй.
Тэднийг уржигдар сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг бид цаг тухайд нь уншигчдадаа хүргэсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр НПГ-аас хэвлэлийн бага хурал хийж, яллагдагчаар татахаар шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн талаар мэдээллээ. Тус газрын хяналтын прокурор Г.Бясман “Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулаад байгаа. АТГ-аас дээрх хүмүүст хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгах саналаа нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн. НПГ-аас хэргийг хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татан цагдан хорих санал шүүхэд хүргүүлээд байна” гэсэн юм.
Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргасан НПГ-ын хяналтын прокурорын хүсэлт өчигдөр 16.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очсон байна. Тус шүүхийнхэн прокурорын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэхээр товлож, өмгөөлөгч нарыг нь байлцуулж, өөрсдийг нь Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцуулахаар төлөвлөсөн сурагтай.
ШШГЕГ-ын харьяа дээрх ангийн эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шадар хамгаалагч ТТХГ-ын хоёр ажилтан Цагдан хорих төвд хамт хоригдож буй гэнэ. Ч.Сайханбилэгийг өчигдөр байцаалтад гаргахад хоёр хамгаалагч нь даган явж байсан бөгөөд өрөөнийх нь гадна болон телекамерын хяналтын өрөөнд тэд сууж буй аж. Одоогоос зургаан жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр яг ийм байдалтай цагдан хоригдож байсан билээ.
НПГ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр АН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшин УИХ-д сонгогдсон гишүүн Д.Муратыг нэг сарын өмнө яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт үргэлжилж байгааг хэлсэн юм. Дашрамд сануулахад, Д.Мурат Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгул гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй.