“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авч луйвардсан хэрэгт олон жил шалгуулж буй. Өдгөө энэ хэргийг АТГ-ынхан ажлын хэсэг гарган мөрдөж буй бөгөөд Ш.Батхүү болон тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал нарыг цагдан хорьсон юм. “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Зээл авахын тулд эрх бүхий хүмүүсийн гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдэж ашигласан” хэмээн мэдүүлдэг ч НПГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэн албадан саатуулсан билээ.
Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн хэргийг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болохуйц бичгүүд өчигдөр АТГ-т өгөв. Тус газар руу орохынхоо өмнө тэрбээр “Арбитрын шүүхийн шийдвэр тодорхойгүй байгаа. Англи, Монголын шинжээчид зээлийн батлан даалтын гэрээнд зурсан гарын үсэг хуурамч болохыг тогтоосон. Үүнийг баримтжуулаад хэргийг шийдвэрлэхэд дөхөм болохуйц байдлаар өгч байна” гэсэн юм.
Өмгөөлөгч Б.Мэргэний өгсөн баримтад Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны тавдугаар сарын 12- нд Англи, Уэлсийн худалдааны шүүх, 2017 оны арван нэгдүгээр сарын 17-нд Хатан хааны дэргэдэх шүүхийн танхимаас гаргасан шийдвэр, Английн Гайлес лабораторийн шинжээч, доктор Одри Жэйлесийн “Стандарт” банк болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд үүссэн маргаантай холбогдуулж гаргасан гарын үсгийн шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичиг багтсан юм.
Энэ нотлох баримтыг хэрхэн үнэлэхийг хууль сахиулах байгууллагынхнаас лавлахад “Мөрдөн байцаалтаар шалгаж тодруулна. Нотлох баримтын шаардлага хангахуйц, үйлчлүүлэгчийг нь цагаатгах баримт гэж өмгөөлөгч нь гаргаж өгч буй учраас бид хуулийн дагуу нягтална” гэв.