
Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнөх долоо хоногт мэдээлсэн.
Прокурор, шүүхийн эх сурвалжууд “2012-2014 оны Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын үед дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган гэдэг хүнийг саатуулан, шалгаж эхэлсэн” хэмээсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа юм.
АТГ-ынхан Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн, түүнд холбогдуулан дэд сайд асан О.Эрдэнэбулганыг цагдан хорьж, байцааж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгсөн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түүнийг яллагдагчаар тооцон 30 хоногоор саатуулах болж, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байна.
Түүнийг чухам ямар хэрэгт холбогдсоныг баттай эх сурвалжууд “О.Эрдэнэбулганыг Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан ураны тусгай зөвшөөрөл гадаадын компанийнханд олгосон гэх хэрэгт шалгаж байгаа” гэсэн юм.