Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаа 70:30 байсныг 50:50 хувь болгон бууруулсан шийдвэр нь ахмад настнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэтгэврийн зээлтэй ахмадууд зээлээ төлсний дараах үлдэгдэл мөнгөөрөө амьжиргааны зардлаа хангаж чадахгүй байна хэмээн үзэж Төвбанкнаас уг шийдвэрийг гаргасан юм. Гэвч энэ нь зээл дахин авах боломжийг хааж буй явдал гэж ахмадуудын төлөөлөл зургаадугаар сарын 16-наас суулт зарласан билээ. Тэгвэл энэ асуудлаар тэд өчигдөр мэдээлэл хийлээ.
Ахмадууд “Бид зээл тэглэ гэж шаардаагүй. Зөвхөн шударга, зөв бодлого хэрэгжүүлэхийг л хүссэн. Бид өмнөх шигээ тэтгэврийн зээл авдаг болохыг л шаардаж байгаа. Зээлийн шинэ нөхцөлийн дагуу сар бүрийн тэтгэврийнхээ ердөө 50 хувийг барьцаалан зээл авах боломжтой болсон нь бага тэтгэвэртэй ахмадуудын хувьд амьдрал ахуйгаа залгуулахад нь хүндрэл үүсгэж байна. Энэ асуудлыг долоодугаар сарын 4-ний дотор шийдэж өг гэж шаардсаны үр дүнд Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр “50:50 харьцаа нь хэрэглээний зээлийн ерөнхий стандарт. Хэрэв ахмадуудын хувьд энэ хэт хатуу санагдаж байвал тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлээс тусад нь авч үзэх гарц бий” гэж мэдэгдэв. Өчигдөр уг асуудлаар Ерөнхий сайд болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нартай уулзсан бөгөөд Ерөнхий сайдын зүгээс “Асуудлыг судал” гэсэн чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн” гэв.
Ташрамд дурдахад, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх долоо хоногийн даваа гарагт дахин хуралдаж, ахмадуудын тавьж буй шаардлагыг хэлэлцэхээр болжээ. Ахмадууд тэтгэврийнхээ 70-100 хувийг барьцаалан, гурван жилийн хугацаатай зээл авах нөхцөлөө сэргээхийг хүсэж байгаа юм.
С.Энхжаргал