“Ээж шиг багш байгаасай” гэж хүүхдүүд ярьдаг хэрнээ “Аав шиг багштай бол сайхан аа” гэдэг үгийг тэр бүр хэлдэггүй. Учир юунд вэ гэвэл эрдмийн их өргөөг гийгүүлдэг нь эмэгтэй хүн байдаг. Багшийн талаар яриа өрнөх төдийд эмэгтэй хүн самбарын урд зогсож буй дүр зураг бидний нүдэнд зурайн тодордог. Үүний нэг шалтгаан бол эрэгтэй багшийн хомсдол.
Манай нийгэмд эрэгтэй хүн багш мэргэжил сонгохыг гайхаж хүлээн авах нь элбэг. Эцэг, эхчүүд ч “Хүүхдэд минь яаж ханддаг бол”, “Хичээлээ сайн заадаг болов уу” гэх зэргээр эргэлзэж, шүүмжлэх хандлагатай байдаг. Энэ нь багшийн мэргэжил бол эмэгтэй хүний хийх ажил гэсэн буруу ойлголт нийгэмд суусны илрэл юм. Энэ ойлголт зөвхөн хувь хүнийх сонголтыг хязгаарлаад зогсохгүй нийгмийн тэнцвэрт байдал, хүүхдийн хүмүүжилд гүн гүнзгий нөлөөлж байна гэхэд хилсдэхгүй.
Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ажиллаж буй 55 000 гаруй багшийн 44 240 нь эмэгтэй, харин 10 700 нь эрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, багш нарын 20 хүрэхгүй хувь нь эрэгтэйчүүд аж. Хэдийгээр Монгол Улсын хүн амын хүйсийн харьцаа харьцангуй тэнцвэртэй буюу эмэгтэйчүүд 51.5, эрэгтэйчүүд 48.5 хувийг эзэлдэг ч боловсролын салбарт эрчүүдийн оролцоо хангалтгүй байна. Үүнээс улбаалан хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хандлагад сөрөг үр дагавар үүсэж буй аж. Амьдрал дээр гараад ажиллаж буй багшийн тоо, хувь хэмжээ ийм байхад уг мэргэжлийг эзэмшихээр сурч байгаа оюутнуудын тоо, хүйсийн харьцаа ч ялгаагүй шахам байна. Тодруулбал, Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС)-д 2024 онд элссэн оюутнуудын 74 хувь нь эмэгтэй, 26 нь эрэгтэй. Уг тоог нарийвчлан задлаад үзвэл бага ангийн багшийн ангид бүртгүүлсэн 100 оюутны дөнгөж дөрөв нь эрэгтэй. Энэ бол зүгээр нэг сонсоод өнгөрөх тоо биш. Эдгээр баримт нь Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарт хүйсийн тэнцвэргүй байдал ноёлж буйг илтгэсэн бодит жишээ юм.
Хүүхдийн хүмүүжил, цаашдын ирээдүйд гэр бүлийн дараа орж томоохон нөлөөлөл үзүүлдэг хүн бол яах аргагүй багш. Мэдээж тухайн багшийн хандлага, ажил мэргэжлээ эзэмшсэн байдал хамгийн чухал. Гэхдээ бүх л цаг үед эмэгтэй багштай харилцах нь хүүхдүүдэд “багш гэдэг эмэгтэй хүний л эзэмших мэргэжил” гэж ойлгоход хүргэж, жендерийн хэвшмэл ойлголтыг улам бүр “даврааж” байгаа гэлтэй. Сүүлийн жилүүдэд өрх толгойлсон эмэгтэй¬чүүдийн тоо нэмэгдэж, хүүхдүүдийн өдөр тутмын хүрээлэлд эрэгтэй хүний үлгэрлэл хомсодсон нь тэдний сэтгэл зүйн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж буй гэнэ. Эмнэлэгт очиход эмч, цэцэрлэгтээ явахад багш нь эмэгтэй, гэртээ ирэхэд ээж нь бүхнийг хийж, зааж сургадаг дүр зураг өдөр тутмын амьдралд олон тохиолддог. Хүүхдүүд бага наснаасаа л эмэгтэй хүнийг харж өсдөг. Энэ нь хүүхдэд амьдралын ур чадварыг зөвхөн нэг хүйсээс суралцаж, жендерийн тэнцвэргүй ойлголттой болоход хүргэж байна гэхэд хилсдэхгүй.
Эрэгтэй хүнээс хүүхэд хатуужил, шийдэмгий байдал, зоримог зан, аливааг эрс шийдэх чадвар, тэсвэр тэвчээр зэрэг олон чухал шинж чанарыг суралцдаг. Тэгвэл өнөөгийн нийгэмд ийм боломж олдохоо больж байна. Боловсролын салбарт эрчүүдийн оролцоо бага байгаа нь цаашдаа нийгмийн бодлогын олон асуудлын эх үүсвэр болоход хүргэх нь. Эрэгтэй хүнийг хатуу чанга, харилцаа муутай байдаг мэтээр ойлгодог нь манай нийгэмд түгээмэл. Зарим эрчүүд ч өөрсдийгөө хатуу чанга байх ёстой, хүүхэдтэй байтугай эхнэртэйгээ ч харилцахдаа муу гэж боддог. Гэвч эрэгтэй багштай ангийн сурагчид, ялангуяа охид хичээлдээ төвлөрөх чадвар сайтай байдаг нь АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар нотлогджээ. Энэ нь эрэгтэй багш бүх хүүхдэд өөр өөр байдлаар нөлөөлж чадна гэдгийг харуулж байгаа юм.
Боловсролын салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж буй МУБИС-ийн сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэнгийн энэ талаарх санаа бодлыг сонсоход “Манай сургуулийн бага ангийн болон сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр суралцагчдын 95 хувь нь эмэгтэй оюутан. Гэтэл багш мэргэжилд дуу хоолойны өнгө, харилцааны арга барилын хувьд эрэгтэй хүн давуу тал олонтой нь судалгаагаар батлагдсан. Энэ бол жендерийн ялгаварлал биш, харин бодит байдал” хэмээн онцоллоо.
Тогтвортой хөгжлийн зорилгод жендерийн тэгш байдлыг хангах тухай тодорхой заасан байдаг нь бүх хүйсийн тэгш оролцоог дэмжих тухай ойлголт юм. Гэвч энэ ойлголт манайханд нэг л хэвшиж өгөхгүй нь. Zangia.mn цахим хуудас дахь заруудаас үзвэл “Англи хэлний багш ажилд авна” гэсэн хэдий ч “эмэгтэй багш” гэж тодотгосон нь жендерийн асуудал ам дамжсан яриа бус, хөдөлмөрийн зах зээлд ч байсаар буйг харуулжээ. Яагаад эрэгтэй багшаас зайлсхийдэг болчхов. Сайн багш, сурган хүмүүжүүлэгч гэдэг хүйсээс бус, хувь хүний эрмэлзлээс л хамаарах хэрэг биш гэж үү.
Уг нь эрэгтэй багш хүүхдүүдийн сэтгэл санаа, цаашлаад нийгмийн ойлголтод ихээхэн нөлөөлдөг нь олон судалгаагаар тогтоогдсон. Жишээлбэл, “Trading economics”-ийн судалгаагаар эрэгтэй багш нар гэр бүлийн хямралд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйд эерэг, тогтвортой нөлөө үзүүлдэг. Эрэгтэй багштай байх нь жендерийн ялгаат байдлын ойлголт 20 хувиар бага буюу эрх тэгш хэмээн хүлээн авдаг гэсэн дүгнэлт гарсан нь эрчүүд хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдгийг илтгэж буй явдал.
Манайхны жендерийн талаарх ойлголтыг МУИС-ийн багш, дэд профессор Ц.Цэцэгжаргал “Монголчуудын олонх нь багшийн мэргэжлийг эмэгтэй хүнд хамаатуулж хүлээж авдаг. Энэ нь эрчүүдийн буруу биш. Нийгэм нийтээрээ л эрэгтэй хүүхдийг инженер, дарга болох ёстой гэх мэтээр чиглүүлж ирсэн. Энэ бол манай нийгэмд жендерийн мэдлэг хомс байгаагийн илрэл” гэв. Ийм ойлголт нь зөвхөн боловсролын салбарын биш, харин хүүхдийн төлөвшил, нийгмийн дараагийн үеийн хэв шинжид шууд нөлөөлөх чухал асуудал гэдгийг тэрбээр онцолсон.
Нийгмийн тогтсон ойлголт, хандлагаас шалтгаалан эрэгтэй хүүхдүүд багш болохоос татгалзаж байна гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй биз. “Эрэгтэй багш яагаад ийм хомс байна вэ” гэх асуултад МУБИС-ийн бага ангийн багшийн хоёрдугаар курсийн оюутан Б.Цогбадрах “Хүүхдүүд элсэлтийн шалгалтад өндөр оноо авч чадаагүй болохоор энэ ангид орсон гэж боддог байх. Гэхдээ миний хувьд багшийн мэргэжил ирээдүйд ихийг бүтээх олон янзын хүүхдүүдтэй харилцаж, тэдэнд зааж сургана гэдэг их олзуурхууштай хэрэг гэж боддог болохоор ээж, аавтайгаа зөвшилцөөд энэ мэргэжлийг сонгосон. Магадгүй надтай ижил бодолтой хөвгүүд олон бий байх. Гэхдээ багшийн цалин бага болохоор энэ мэргэжлийг тоож үзэхгүй тохиолдол ч байдаг. Миний хувьд мэргэжлээрээ ирээдүйд яаж амьдрах бол гэж боддог ч үнэхээр дуртай болохоор үргэлжлүүлэн сурах эрмэлзэл төрж байна” гэж хариулсан юм. Багш нарын дундаж цалин 2024 оны байдлаар 2.3 сая төгрөг байгаа нь улсын дундажтай дүйцэх ч гэлээ гэр бүлээ авч явах хариуцлага хүлээдэг эрэгтэй хүний хувьд хангалттай цалин биш гэдэг нь ойлгомжтой. Эрэгтэй багш ховордсон нь зөвхөн эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалсан хэрэг биш. Харин нийгмийн үнэлэмж, хандлагын гажуудлаас үүдэлтэй.
Эрэгтэй багшийн эрэлт, хэрэгцээг нэмэгдүү¬ лэхийн тулд МУБИС-иас элсэлтийн шалгалтын оноо нь 550-иас дээш дүнтэй оюутанд сургалтын төлбөрийн 70 хувийн тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ нь сайн эхлэл боловч хангалттай шийдэл биш. Үүнээс гадна нийгмийн хандлагыг өөрчлөх кампанит ажил, эрэгтэй багш нарыг сурталч¬ лах, үлгэр дуурайл болгох, цалин, урамшууллын бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, жендерийн боловсролыг бага наснаас ойлгуулах зэрэг олон төрлийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Боловсролын салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдал нь зүгээр нэг тоо болж үлдэх ёсгүй. Энэ бол нийгмийн ирээдүйг тодорхойлж буй хүмүүжил, үнэт зүйл, харилцааны хэв маягт шууд хамаарах үзэгдэл. Эрэгтэй багшийн оролцоо нь зөвхөн боловсролын чанарт бус, нийгмийн ирээдүйн хандлагад чухал нөлөөтэй гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Хэрэв бид багш гэдэг үгийг зөвхөн эмэгтэй хүн хэрэглэх нэр томьёо мэтээр ойлгосоор байвал ирээдүйд тэнцвэргүй, хэвшмэл хандлагатай үеийг төлөвшүүлэх эрсдэл хэвээр үлдэнэ.
С.Энхжаргал