Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, борлуулалт саарсантай холбоотойгоор хөрөнгийн биржээр дамжуулан худалдах нүүрсний хэмжээ ч эрс буурсан, зарласан арилжаанууд амжилтгүй болох тохиолдол сүүлийн үед ихэссэн. Харин ойрын өдрүүдэд нүүрсний арилжаанд оролцогчдын тоо нэмэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг амжилттай борлуулж буйг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Өчигдөр гэхэд тус компани хөрөнгийн биржээр дамжуулан таван багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмодны боомтод хүргэж өгөх нөхцөлтэйгөөр амжилттай арилжжээ. Тус арилжаанд таван оролцогч бүртгүүлсэн бөгөөд тонн тутмыг нь 87 ам.доллароор тооцон хэлцэл хийсэн байна. Үүнээс долоо хоногийн өмнө мөн ийм хэмжээний эр - чим хүчний нүүрсийг 44.7 ам.доллароор тооцон дуудлага худалдаагаар арилжсан билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг биржээр борлуулж эхэлснээс хойш нийт 136 удаагийн арилжаагаар 2.9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 26.3 сая тонн бүтээгдэхүүн худалдсан аж.
Н.Мишээл