Сонгууль угтаж, сонгогчдод таалагдах зорилгоор гаргасан бодлогогүй, мугуйд ганцхан шийдвэр улс орон, нийтийн эрх ашиг, салбарын хөгжилд ямар их хор хохирол учруулдгийн бодитой жишээ нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болов. УИХ, Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан малчид, хөдөө, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хямд үнэтэй гурил, тэжээлээр хангах зорилгоор одоогоос жил гаруйн өмнө буюу парламентын сонгууль болохоос хоёрхон сарын наана ийм хууль баталж, эдгээр бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн юм. Гэтэл дараа дараагийн Засгийн газар, парламент нь удтал “унжиж”, алгуурласны эцэст 2025 оны I улирал дуусах алдад эл шийдвэрийг хүчингүй болголоо. Энэ хүртэл улс төрийн хүрээнд их зүйл өрнөв.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр өргөн барьсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн тавдугаар сарын 16-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхэд гишүүдийн олонх дэмжилгүй унагасан. Улмаар Засгийн газраас яаралтай горимоор дахин өргөн барьж, хэлэлцүүлсний үр дүнд өнгөрсөн сарын 25-нд баталлаа. Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн хоёр ч Засгийн газар дамжин “хамгаалагдсан” хууль Г.Занданшатарын шинэ танхим бүрдсэн эхлэлийн цэгт ийн хүчингүй болов. “Гурилын салбарт монопол, олигопол зах зээл бий болсон тул төр татварын бодлогоор оролцохоос аргагүй” гэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр суурийг хамгаалж, татгалзсан кноп дарсан парламентын гишүүд сар гаруйн дараа шийдвэрээсээ буцаж, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрүүдээ дэмжихээр олонхоороо санал нэгдэв. Үүний үр дүнд манай улс импортын гурил, улаан буудай, малын тэжээлд өмнөхийн адил татвар ногдуулахаар боллоо. Энэ шийдвэрээс улбаатайгаар хөдөө аж ахуйн салбарт сүүлийн нэг жил гаруйн хугацаанд өрнөсөн үйл явдлууд манай улс яагаад хөгждөггүй, төрийн бодлого, шийдвэр хэр уялдаа холбоотой, тооцоо судалгаа, үндэслэлтэй байдаг, улс төрчид, ялангуяа өндөр эрх мэдэл, албан тушаалд очсон хүмүүс хувийн эрх ашгийнхаа төлөө ямар их хүч, “золиос” гаргадаг, сонгуулийн үед тэд хэрхэн сохордог гээд нийгэмд ужгирсан олон асуудлыг нүдний өмнө уудлан илчиллээ.
СҮРЖИН ЭХЛЭЛ, ДАРЖИН ТӨГСГӨЛ
Энэ төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх талаар хамгийн анх “нухацтай” ярьж, хуулийн төсөл санаачлан боловсруулсан хүн нь тухайн үеийн ЗГХЭГ-ын, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан юм.
Уншигчид санаж буй бол өнгөрсөн оны хавар буюу сонгуулийн өмнөхөн дотоодын гурилын үйлдвэрүүд рүү чиглэсэн дайралт, шүүмжлэл нэг хэсэг эрчээ авсан. Үүний “манлайд” ЗГХЭГ-ын дарга нь зогссон гэхэд хилсдэхгүй. ШӨХТГ (одоогийн Монополын эсрэг газар) тэргүүтэй, зах зээл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хянах чиг үүрэгтэй агентлагууд үүнднь хүч нэмж “Гурилын үйлдвэрүүд жилийн хугацаанд үгсэн хуйвалдаж үнээ 4-12 удаа нэмсэн. Гурил, тэжээлийн үнэ сүүлийн гурван жилд 78 хувиар өссөнийг тогтоосон” гэхчлэн дэвэргэсэн. Ингээд энэ шүүмжлэлийн дуун дээр нь улс төрчид Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг яаралтай горимоор оруулж ирэн “ногоон гэрэл”-ээр батлуулсан билээ. Гэтэл эл хуулийг хүчингүй болгох төслийг жил гаруйн дараа яаралтай горимоор өргөнбарихадгурил, улаан буудай, тэжээлийн үнийн өсөлт, дотоодын үйлдвэрүүдийн хуйвалдааны талаар өмнөх шиг дуугарах албан тушаалтан, байгууллага гарч ирсэнгүй. “Төр үнийн өсөлттэй тэмцэх ёстой” хэмээн муйхарлан зүтгэж, “Дотоодын зах зээлээ хамгаална гээд хэрэглэгчийн эрх ашгийг орхигдуулж болохгүй” гэж сэтгэл дэвсэж байсан улс төрчид таг чиг. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн гол автор гэгддэг УИХ-ын дарга л “муухай харагдахгүй” гэсэндээ хуулиа хамгаалж дуугарсан дүр эсгэв, бусад нь ажиг сураггүй. Энэ нь малчид, хөдөө, орон нутгийн иргэдийг дэмжих зорилготой гэх сонгууль угтсан уг шийдвэр үүргээ гүйцэтгэж, нэгэнт анхаарлаас гарсны илрэл юм.
АШИГ НЬ ТЭДЭНД, ХОХИРОЛ НЬ БИДЭНД
“Хөдөө аж ахуйн салбар 2025 оны I улиралд 35.6 хувийн өсөлттэй гарлаа. Монгол Улс 2023-2024 оны өвөл, хаврын зудын хүндрэлээс аажмаар ангижирч байна” гэсэн агуулгатай мэдээллийг нэр бүхий улс төрчид, сэтгүүлчид нийгмийн сүлжээнд сүүлийн үед идэвхийлэн түгээх болов. Жилийн хоёрдугаар хагас эхэлсэн үед дан ганц I улирлын эерэг үзүүлэлтийг онцлон түгээж байгаа нь нэгдүгээрт, Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Атар-IV” аяныг тодруулах, хоёрдугаарт, гурил, улаан буудайн гаалийн албан татварыг сэргээх чиглэлээр ажилласан сайд, дарга нарыг дөвийлгөх зорилготой саймшрал гэж л харагдаж буй юм. Бодит байдалд хөдөө аж ахуйн салбар зудын хямралаасаа ч гараагүй, импортын татвар тэглэснээс үүдэлтэй хор хохирлоо ч нөхөөгүй байгаа.
Гурил, улаан буудай, малын тэжээлийн гаалийн татварыг тэглэсний нөлөөгөөр сүүлийн нэг жилд дотоодын дөрвөн аж ахуйн нэгж хаалгаа барьж, үлдсэн цөөн үйлдвэр нь 20-40 хувийн хүчин чадлаар ажиллахад хүрснийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлсэн юм. Түүнчлэн импортын хамаарал 40 хувиас даван, тариалалт 50 гаруй га талбайгаар, ургацын хэмжээ 30-40 хувиар буурч, энэ салбарт нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан гэж албаны хүмүүс танилцуулж буй. Харин эл хуулийг хүчингүй болгох төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын нэр бүхий гишүүд “Гурилын импортын татварыг тэглэснээр Монгол Улс 60 сая ам.доллар алдсан” гэдэг тоон үзүүлэлтийг хэд хэдэн удаа давтав. 60 сая ам.доллар буюу 216 орчим тэрбум төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Мөнгөн дүнгээр хэмжиж болохуйц өнгөц хохирлын хэмжээ нь ийм гэхээр татвар тэглэсэн эл шийдвэр тариалангийн салбарт хэр зэрэг хор уршиг учруулсныг тооцоход бэрх. Нэг жилийн хугацаанд алдсан боломж, үйлдвэрлэлийн үр ашиг, манайх шиг жижиг зах зээлд бизнес бойжуулах нөхцөл зэргийг харгалзвал дээрх мөнгөн дүн талийна. Улс төрчдийн бодлогогүй, амин хувийн эрх ашгаа дээгүүрт тавьсан ухвар мөчид шийдвэр улс, нийгэмд ямар их гай төвөг уддагийн жишээ нь энэ буюу.
ОРОЙТСОН УХААРАЛ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан үеэс нь эсэргүүцэн байр сууриа илэрхийлсээр ирсэн нэгэн бизнес эрхлэгч “Энэ хууль сайндаа л нэг жил насална. Зорилго нь тодорхой учраас удахгүй. Гэхдээ ичсэн хүн хүн ална гэгчээр санаачилсан, баталсан хүмүүс нь хэсэгтээ л хамгаалж, хэрэгжүүлэхийг бодох байх. Тэд ингэж гүрийж, хугацаа алдах тусам бидэнд л хохиролтой” хэмээн бичиж байсан нь үнэнд ойр “зөгнөл” байсныг өнөөдрийн нөхцөл байдал батлаадхав. Энэ оны эхээр өргөн барьсан хуулийг дөрвөн сарын дараах анхны хэлэлцүүлгээс нь унагааж, Засгийн газраас яаралтай горимоор дахин оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн нь ийм л зорилготой байсан мэт. Өөрөөр хэлбэл, улс төрчид хуудуутай шийдвэр гаргаснаа шууд хүлээн зөвшөөрөхөөс эмээсэн, иргэд, олон нийтийн шүүмжлэлээс бэргэсэн. Улмаар яаралтай горимоор хэлэлцэх онцгой нөхцөлтэйгөөр дахин өргөн барихад нь аргагүйн эрхэд, шахалт шаардлагаар хүлээж авч буй мэт гэмгүй дүрээр хуулийн төслийг “ногоон гэрэл”-ээр баталчихсан.
Улс төрчдийн хувьд энэ хаврын сарууд хуумгай шийдвэрээ хамгаалах завсарлага, асуудалд буурь суурьтай хандаж буй мэт дүр эсгэх боломж төдий хугацаа байсан бол газар тариалангийн салбарынхан, тэр дундаа тариалан эрхлэгчдийн хувьд хамгийн чухал, үнэ цэнтэй цаг үе нь байв. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барьсан үеэс найдвар тавьж, хүн хүч, техник хэрэгслээ зэхсэн тэд улс төрчдийн байр байдал, амыг харсаар энэ хаврын тариалалтын улирлыг хий дэмий барав. Тиймээс “Нэгэнт ингэж шийдэх байсан юм бол эртхэн хүчингүй болгочихгүй яав даа” гэж харамсан, халаглаж байна. Зарим нь “Төр өөрөө тариалан эрхлэгчдийн зах зээлийг булааж, гурилын үйлдвэрүүдээ дампууруулсан юм чинь ургацын хувь хэмжээ, дотоодын нөөц, хангамж буурлаа гэж ойрын жилүүдэд гоншигнох эрхгүй” гэсэн байр суурийг ч илэрхийлж буй. Тийм ээ, ургацын талбайд хар сүүдэр тусгасан улс төрчдөд гоншигнох, гомдоллох эрх байхгүй.
Н.Мишээл