Цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопедоос үүдэлтэй 738 осол өнгөрсөн зургаадугаар сард бүртгэгджээ. Явган хүний замаар хурдтай явах, авто замын хөдөлгөөнд саад учруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайд скүүтер, мопедоо замбараагүй орхих зэргээр олон нийтийн бухимдлыг төрүүлсэн үйлдлүүд тасралтгүй гарах болсон. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, холбогдох журмын төслийг боловсруулан нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанд хэлэлцүүлэхээр болжээ. Журмын гол зохицуулалт нь мопед, скүүтерт зориулсан тусгай зогсоол болон цэнэглэх талбай байгуулах, жолоодох нас, замын хөдөлгөөнд оролцох хурдны дээд хязгаарыг тогтоох, хамгаалалтын хэрэгсэл заавал өмсөх талаар тусгасан байна. Мөн тусгай замын зурвас гаргах, замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, татвар ногдуулах, даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх, дугаар олгох, бүртгэх зэрэг асуудлыг цогцоор нь зохицуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн шөнийн цагт (22.00-06.00) цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопедоор зорчихыг хязгаарлах, эсвэл гэрэл ойлгогч болон дуут дохиотой байлгах асуудлыг ч тусгахаар хэлэлцэнэ.
Л.Ням