АНУ-ын Остин хотод зохион байгуулсан “BLAST.tv austin major 2025” тэмцээнд “The MongolZ” баг дэд байрт шалгарч, цахим спортын дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг тодоор бичсэн билээ. Тус тэмцээнээс тэд нийт 170 000 ам.доллар буюу одоогийн ханшаар 600 гаруй сая төгрөгийн шагнал хүртсэн юм.
Гэвч энэ бахархалтай амжилтын араас татварын асуудал хөндөгдөв. Манай улсад аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд спортын байгууллагыг ивээн тэтгэх, дэмжлэг үзүүлэх тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Гэвч цахим спортын төрлийг хуулиар тодорхойлж, ангилж өгөөгүй учраас энэхүү хөнгөлөлтөд хамаарахгүй юм байна. Энэ асуудлаар “The MongolZ” багийн гишүүд УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хандан, санал бодлоо илэрхийллээ. Тодруулбал, багийн зүгээс шагналын орлого хуулийн этгээдийн нэр дээр шилжсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох эрсдэл үүсдэг. Цахим спорт нь хуульд тодорхойлогдсон салбар биш тул татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй байгаагаа онцолжээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг багийн гишүүдтэй уулзах үеэрээ цахим спортын эрх зүйн орчин сул байгааг хүлээн зөвшөөрч, хуулийн төсөл боловсруулах түвшинд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр “Монголын нэрийг дэлхийд гаргаж буй залуусын хөдөлмөрийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай. Цахим спорт бол зөвхөн зугаа биш, дэлхийн жишигт хүрсэн мэргэжлийн салбар. Иймд татварын бодлого, хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй” гэжээ.
Цахим спортын багийнханд шагналын 1025 хувийн татвар хуулийн дагуу ногдуулах юм. Энэ нь зөвхөн “The MongolZ” төдийгүй гадаадын тэмцээнд амжилттай оролцож буй бүх баг, тамирчинд хамаарна. Цахим спортын салбарынхан төрийн дэмжлэг төдийлөн авдаггүй. Үүний зэрэгцээ гадаадад амжилт гаргасан иргэдийн шагналыг орлого гэж үзэн татвар ногдуулах нь урамшуулал биш, харин дарамт болж хувирах эрсдэлтэй. Тиймээс төрийн дэмжлэг нь бодит үйл хэрэг болж, бодлогод шингэж, цахим спортоор дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан залуусын хөдөлмөрийг үнэлэх цаг иржээ.
С.Жаргал