Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Улаанбаатар–Шанхай чиглэлийн анхны шууд нислэгийг амжилттай үйлдэж, тус чиглэлд тогтмол хуваарьт нислэгийг албан ёсоор эхлүүллээ.
Улаанбаатар хотоос 7 дугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт хөөрсөн ОМ265 аялалын хөлөг 7 дугаар сарын 3-ны өдрийн 00:10 цагт Шанхай хотод газардах үеэр тус хотын Пүдун олон улсын нисэх буудлын захиргаанаас өндөр ач холбогдол өгч, Боинг 737МАХ хөлөг зорчигчийн хоолойд залгагдахын өмнө “Усан хөшиг” татуулж ёслол төгөлдөр угтаж авав.
Шууд нислэг Шанхай хотын Пүдун олон улсын нисэх буудалд газардсаны дараа Монгол Улсаас тус хотод суугаа Ерөнхий консул Д.Болд нисэх багийн бүрэлдэхүүнийг онгоцны хаалганаас угтан авч, Улаанбаатар – Шанхай чиглэлийн нислэг Монгол – Хятадын иргэд харилцан зорчих, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах шинэ агаарын хаалга болж буйд итгэл төгс байгаагаа онцолж, МИАТ ТӨХК-ийн удирдлага, анхны нислэгийн П.Баатар ахмадтай хамт олонд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.
“МИАТ” ТӨХК нь олон улсын чиглэлд аюулгүй, найдвартай, олон улсын стандартад нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх зорилтынхоо хүрээнд Монгол – Хятадын хооронд хэд хэдэн шинэ чиглэл нээж, эх орноо дэлхийтэй холбох үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.