Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү нь амьдран суудаг нийслэл Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол, хангамжтай холбоотой гамшгийн онцгой нөхцөл байдал хэдийн нүүр¬лэчхээд байна. “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д өн¬гөрсөн сарын эхээр гарсан ослын улмаас нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар тасралтгүй, найдвартай хангах үүрэг хүлээсэн гол байгууллага нь нийт хүчин чадлынхаа дөрөвний нэг буюу 25 хувийг алдчихсан. Тодруулбал, тус ослын улмаас цахилгаан станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбин, генератор шатаж, тухайн хэсгийн барилгын хана, дээ¬вэр галд өртсөн билээ. Энэ үеэр нэгэн ажилтан амиа алдаж, инженер техникийн өөр мэргэжилтэн бэртэж гэмтсэн харамсалтай үйл явдал ч болсныг бид уншигчдадаа хүргэсэн.
“ДЦС-3” ТӨХК -ийн суурилагдсан хүчин нь 192 мегаватт байсан бол ослын үеэр 50 мегаваттын генератор нь шатчихсан. Уурын даралтыг цахилгаан энерги болгон хувиргадаг гол төхөөрөмж нь ажиллагаагүй болчихсон гэсэн үг. Үүний улмаас цахилгаан эрчим хүчний хангамжид 50 мегаваттын чадлын дутагдал үүсэж, хотын төвийн оршин суугчдын дулааны хэрэглээг 15-20 хувиар хязгаарлах эрсдэл нүүрлэв. Нийслэлийг нэгэн өрх гэж үзвэл хэзээнээсээ түлээ түлшний асуудалтай байсан энэ айл зуухаа нэмж эвдчихээд урьдын адил галлах боломжгүй болчихжээ.
Цахилгаан станцад осол гарснаас хойш яг нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Төрийн захиргааны холбогдох яам, байгууллагынхан, сайд, дарга нар энэ хугацаанд хий дэмий сүржигнэхээс өөр дорвитой зүйл хийсэнгүй. Засгийн газраас “ДЦС-3”-т онцгой дэглэм тогтоож, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхт төлөөлөгчөө томилон, эрчим хүчний салбарт өн¬дөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Төр өөрийн өмчийн компанидаа гарсан зөрчил, доголдлыг яаралтай арилгах, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хяналтдаа бүрэн авсан гэсэн үг. Засгийн газар болон салбарын яаманд уг цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхтэй холбоотой судалгаа, тооцоолол хийх, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ч байгуулав. Түүнчлэн энэ асуудалд хамгийн түрүүнд холбогдох салбарын сайд Б.Чойжилсүрэн болон ослын үеэр шатсан гене¬раторыг өмнөд хөршийн компаниас шууд гэ¬рээгээр худалдан авч, суурилуулсан гэх хэрэгт буруутгагдаад буй албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй ч станцын гүйцэтгэх захирал, инженерийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Үндсэндээ төр онцгой дэглэм хэмээх “хөшиг” татчихаад харуулахыг хүссэнээ л наана нь ил гаргаад, хаацайлж хамгаалахыг хүссэнээ цаана нь үлдээсээр байна. Гэтэл ослын дараах засвар, үйлчилгээг хэзээ хийх, шинэ генератор хэрхэн авах, цахилгаан станцын үйл ажиллагаа чухам хэдийнээс хэвийн горимд шилжих вэ гэдэг хамгийн чухал асуултын хариулт өнөөдөр ч тодорхойгүй хэвээр. Тиймээс л Улаанбаатарт гамшгийн онцгой нөхцөл байдал хэдийн нүүрлэсэн гэж итгэлтэйгээр бичихэд хүргэв.
Эрчим хүч бол улс орны стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх салбар. Төр нь энэ чу¬хал салбарт нүүрлэсэн доголдол, хямралыг шийдэж чадахгүй, аюулгүй, тасралтгүй, найдвартай байдлыг нь хангаж хүчрэхгүй иргэдээ байнгын хэрэглээний хязгаартай, гачаалтай байлгана гэдэг нь гамшигт нөхцөл яалт ч үгүй мөн. Тэгээд ч Гамшгаас хамгаалах тухай хуульд “Аюулт үзэгдэл, ослоос үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтцэд ноцтой хохирол учирч, хүн-нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдах”-ыг гамшгийн онцгой нөхцөл гэж тодорхойлсон байдаг.
АЛБАНЫХНЫ АЛГУУРЛАЛ
Нэгэн танил минь саяхан “Утаанаас зугтаж жил бүрийн өвөл гадаад руу дүрвэдэг байлаа. Харин ирэх өвөл хөлдөж үхэхгүйн тулд хаа нэг тийшээ явах хэрэгтэй боллоо…” хэмээн бичсэн байв. Иргэд, олон нийтийн дунд яг л ийм айдас түгшүүр, эргэлзээтэй, тодорхойгүй байдал үүсээд буй. Яагаад гэвэл “ДЦС-3”-ын осолтой холбоотой үүссэн асуудалд Засгийн газраас тодорхой, итгэл үнэмшил төрүүлэхүйц байр суурь илэрхийлэхгүй, баталгаа өгч чадахгүй байгаа. Осол гарсан станцад зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон, тоног төхөөрөмжийн доголдлыг өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт хугацаанд багтаан засаж шинэчлэх үүрэг даалгаврыг өгсөн гэдэг л бүрхэг мэдээлэл бий.
Энэ асуудалд чиг баримжаатай хариулт авахаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохи¬цуулах хороонд хандахад ч дээрхтэй ижил зүйл хэлэв. Эрчим хүчний зохицуулах хорооноос “Ослын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ болон турбин, генераторын хэсэг дэх тоноглолын эвдрэл зэргийн дүгнэлтийг эцсийн байд¬лаар гаргаагүй. Генераторыг шинэчлэхээс аргагүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргасан ч хаанаас, яаж худалдан авч угсрах, объектын болон тоног төхөөрөмжийн зардалд тус бүр хэчнээн, нийт хэдэн төгрөг шаардлагатайг ч тогтоогоогүй. Гэсэн ч ажлын хэсэг бэлэн байдал хангах, тооцоо, судалгаа хийх, санал, мэдээлэл солилцох түвшинд шуурхай ажиллаж байгаа” гэсэн юм. Харин “ДЦС-3” ТӨХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх “Турбин, генератор ямар үнэтэй байдаг, үүнийг угсарч, тээвэрлэх зардал хэд болох талаар үнийн санал ирүүлэх хүсэлтийг гурван орны 11 компанид илгээсэн. Нийслэлийн хэмжээнд цахилгаан эх үүсвэрийн дутагдалд орсон учир хамгийн богино хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлэх компанитай хамтарч ажиллана” гэсэн байр суурийг саяхан илэрхийлжээ. Тэрчлэн төсвийн тодотгол хэлэлцэж буй тул дотоодод хийж болох засвар, үйлчилгээний зардалд эхний ээлжид 16 орчим тэрбум төгрөг тусгуулахаар холбогдох яаманд санал хүргүүлснээ хэлсэн байна. Эндээс харахад одоогоор албаныхны “ингэнэ, тэгнэ” гэсэн амлалтаас өөр тодорхой зүйл ер алга, ийм байдлаар хэр хугацаа алдахыг, ямархуу нөхцөл байдалтай өвөлтэй золгохыг таашгүй.
ХИЙХ ХҮНД АРГА, ХИЙХГҮЙД НЬ ШАЛТАГ ОЛДДОГ
Бодлого, шийдвэр гаргах түвшний байгууллагынхан, албан тушаалтнууд “хянаж шалгаж, судалж байна”, “хохирлын хэмжээ, нарийвчил¬сан тооцоог эцэслэн гаргаагүй” гэсэн тайлбараар ам таглаж буй бол ингэж алгуурлах цаг хугацаа, зав чөлөө байхгүйг салбарын хүмүүс сануулж, анхааруулсаар.
Австралид эрчим хүчний чиглэлээр 10-аад жил сурч, ажилласан туршлагатай гэгддэг, УИХын гишүүн М.Энхцэцэг “ДЦС-3”-т шаардлагатай генераторыг энэ сард багтаан захиалгаар үйлдвэрлүүлэхгүй л бол ирэх байтугай 2026-2027 оны өвөл ч ашиглалтад оруулж чадахгүй, дулаан, цахилгаангүй сууж байх эрсдэлтэйг сануулсан. Тэрбээр “Шинэ тоног төхөөрөмж худалдан авах ажлыг улс яаралтай зохион байгуулах хэрэгтэй.
Шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг нь улсын аюулгүйн нөөцөөс гаргах боломжтой. Зээл, тусламжаар шийднэ, тендерээр худалдаж авна гэвэл хэвийн ажиллагаанд шилжтэл багадаа 3-4 жил болно. “Тендер”-ийн хуульд “Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулалтгүй худалдан авч болно” гэж заасан байдаг. Үүнийг одоо л ашиглах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Тэрчлэн нийтийн эрх ашиг, суурь хэрэглээтэй холбоотой дэд бүтцийн томоохон доголдол, гэмтлийн үед Засгийн газар, салбарын яамныхан нь идэвх санаачилгатай, шуурхай ажиллаж, УИХ-аар тогтоолын төсөл батлуулан шийдвэрлүүлэх боломжтойг ч нэр бүхий гишүүд сануулж, цаг хугацаа алдаж буйг анхааруулсаар байна. Цахилгаан, дулааны үнэ нэмэх болохоо¬роо “Эрчим хүчний салбар дампуурлаа, цаашид энэ хэвээр явах аргагүй боллоо” гэж олон нийтийн өмнө гарч байдаг зовлонгоо тоочоод, тарифаа тааллаараа өсгөчихдөг сайд, дарга нар салбарт нь гарсан ноцтой ослын үед ийм хурд¬тай, шийдэмгий, зоримог ажиллаж чаддаггүй нь харамсалтай. Хийх хүнд арга, хийхгүйд нь шалтаг олддог гэдэг юутай үнэн бэ.
ЧОНО БОРООНООР ГЭГЧ БОЛОХ ВИЙ
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлэхдээ Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэнг улираан томилсонд нийслэлчүүд шүүмжлэлтэй хандсан. Харин Засгийн газрын тэргүүн “Албан тушаалаас чөлөөлж бус, асуудлыг нь өөрөөр нь шийдвэрлүүлж, хариуцлага хүлээлгэхээр суудалд нь үлдээсэн” гэх агуулгаар эл томилгоогоо зөвтгөсөн юм. Мөн түүнийг аливаа асуудлыг том зургаар хардаг, прагматик хүн учраас танхимдаа үлдээсэн хэмээн тодотгосон. Гэтэл өнөөх “том” хүн нь юун “ДЦС-3”-ын осол, дэлбэрэлт, засвар шинэчлэл, цахилгаан дулааны хангамж мантай, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх мэдлээ зузаатгахаар улайран зүтгэж яваа бололтой.
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 26-нд яаралтай горимоор өргөн барьсан. Хуулийн төслийн гол автор нь Эрчим хүчний яам буюу Б.Чойжилсүрэн сайд гэж УИХ-ын гишүүд мэдээлж буй. Гэтэл эл хуулийн төсөл салбарын сайдын эрх мэдлийн цар хүрээг өргөжүүлэх л далд зорилготой, “эрчим хүчний төсөл”, “эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч” хэ¬мээх шинэ нэр томьёоны ард “мега” арх ашиг, хулгай, луйврыг өргөжүүлэх таатай хөрс суурийг бэлдэх бодлоготой гэж парламентын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, энэ салбарт цахилгаан станц хэн барих, төрд хэрхэн, ямар нөхцөлөөр шилжүүлэх зэргээс эхлээд эрчим хүчний нөөцийг төвийн сүлжээнд ямар үнэ өртгөөр нийлүүлэхийг хүртэл сайд болон түүний томилсон албан тушаалтнууд шийдэхээр хуулийн төсөлд тусгажээ. Тиймээс л эрчим хүч, инженер техникийн салбарт ойр гэгдэх УИХ-ын гишүүд үүнийг дуу нэгтэй эсэргүүцэж, яаралтай горимоор хэлэлцэх боломж¬гүй, шаардлагагүй хэмээн үзэж байна.
Эл хуулийн төслийг өргөн барьснаас нь хойш зургаан хоногийн дараа Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр товлосон ч олон нийтэд танилцуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөх талуудаас санал, дүгнэлт аваагүй гэдэг үндэслэлээр “унагаасан”. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг сонсжээ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дахин оруулсан ч АН-ынхны хүсэлтээр завсарлага авсан гэх.
Хуулийн төсөлд тусгасан “эрчим хүчний тө¬сөл” хэмээх нэр томьёоны цаана юу нууж буй, хэрэв дулаан, цахилгааны шинэ эх үүсвэр барих, одоогийнхыг өргөтгөн шинэчлэх, засаж сэлбэхтэй холбоотой томоохон ажлуудыг үүнд хамааруулж, тэр дунд нь “ДЦС-3”-ын асуудлыг ч багтаасан бол УИХ-ын тогтоолоор цаг алдал¬гүй шийдвэрлүүлэхийн оронд яагаад заавал салбарын гол хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах болов гэдэг нь энэ цаг үед хамгийн их анхаарал татаж байна. Магадгүй чоно борооноор, гуя дагаж хүзүү гэдэгчлэн эрчим хүчний салбарт нүүрлэсэн хямрал, доголдлыг далимдуулсан эрх ашгийн бодлого, шийдвэрүүд ч түрүүлж хөдөлж байхыг үгүйсгэхгүй юм.
Эдийн засгийн байнгын хорооны өчигд¬рийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдэд ам асуулгасан Б.Чойжилсүрэн сайд “ДЦС-3”-ын ослоос үүдэлтэй дулаан хангамжийн хүндрэлийг давахын тулд “ДЦС-4” болон “Амгалан” ДЦС-ын эх үүсвэрээс шийднэ. Харин цахилгааныхыг нь Бөөрөлжүүтийн станцын хоёрдугаар блокийг ашиглалтад оруулах юм уу, ӨМӨЗО-оос 80 мегаваттын эрчим хүч импортолж нөхөх төлөвлөгөөтэй” хэмээн ярьсан байна билээ. Ямартай ч тэрбээр ам таглах хувилбарууд бодож олсон бололтой.
Н.Мишээл