УИХ-ын нэр бүхий 41 гишүүн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Хуулийн төслийн нэгдүгээр зүйлд багш, багшийн туслах, боловсролын удирдах болон мэргэжлийн ажилтан, боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтан гэсэн нэр томьёоны тодорхойлолтыг хуульчлах, хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагынхтай тэнцүү байхаар тогтоох зэргийг тусгажээ. Мөн боловсролын салбарын үйлчилгээний ажилтны болон багшийн үндсэн цалингийн зөрүү 20 хувиас илүүгүй байх, цэцэрлэг, сургуулийн нэг бүлэгт хичээллэх суралцагчийн тоо хэтэрсэн тохиолдолд хүүхдийн тоотой уялдуулсан цалингийн нэмэгдэл олгох, захирлыг таван жилийн хугацаатай томилох, ажлын гүйцэтгэлээс хамаарч гурван жилээр улируулан томилох зэргийг тусгасан байна.
Түүнчлэн төрөөс боловсролын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний долоо, улсын төсвийн нийт зардлын 20-иос доошгүй хувийг зарцуулдаг болохоор хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төслийн хоёрдугаар зүйлд боловсролын байгууллагуудад 25-аас дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн багш, ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарч болох, тэдгээрт ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцож Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 15-аас доошгүй жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зэргийг тусгасан байна.
Ч.Туяа