Японы Эзэн хаан Нарүхито Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ сарын 6-13- нд манай улсад албан ёсоор айлчлах гэж байна. Энэ бол Японы Эзэн хааны хувьд хийж буй анхны айлчлал юм.
Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотноо Эзэн хааны ордонд өв залгамжлагч ханхүү Акихито, гүнж Митико нарын гэрт ууган хүү нь болон төржээ. Дөрвөн настайдаа томчуудын хүүхэд сурдаг нэр хүндтэй “Гакусюин” сургуульд элсэв. 1974 онд эцгийнхээ шийдвэрээр нэг жилийн хугацаагаар Австрали руу явж тэндхийн нэг бизнесменийд аж төрж, ард олны нь ёс заншил, түүх дурсгалын зүйлстэй нь танилцав. Эзэн хааны гэр бүлийнхний хэнд нь ч урьд өмнө ийм явдал тохиолдож байсангүй. “Гакусюин” их сургуулийг 1982 онд төгсөхдөө дундад зууны Японы усан тээврийн тогтолцоо сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан байна.
1982 онд Британи руу хэлний гурван сарын дамжаанд явж, улмаар Оскфордын их сургуулийн Мертон коллежид суралцахдаа усан тээврийн түүхийг үргэлжлүүлж судалжээ. 1986 онд сургуулиа дүүргэж Япондоо ирээд “Гакусюин”- дээ орж, Эзэн хааны гэр бүлийн гишүүдээс анх түүхийн салбарт магистр зэрэгтэй болов. 1992- 2019 онд тус сургуулийн архивт судлаачаар уригдан ажилласан байна.
Эцэг Акихито нь Эзэн хаан болсноор Нарухито үе залгамжлагч ханхүүгийн цол хэргэм хүртлээ. 1947 онд Үндсэн хуулийн дагуу Эзэн хаан нь төр, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог ч төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүрэн эрх эдэлдэггүй аж. Уламжлал ёсоор Японы хаан улс төрд оролцдоггүй, түүгээр ч барахгүй сонгуульд санал өгдөггүй. Эзэн хаан хийгээд түүний гэр бүлийн гишүүд хөрөнгийн талаар хязгаарлагдмал эрхтэй, тэд парламентын зөвшөөрөлгүйгээр бэлэг сэлт өгдөггүй. Нарүхито 30 нас хүртлээ эцэг, эх, дүү нартайгаа хамт амьдрав. Түүнээс өмнөх ханхүү нар эцэг, эхээсээ тусдаа, харьяат албатуудынхаа гэрт өсөж торнидог байсан нь Эзэн хаан нь мах цусны төрөл төрөгсдөөсөө ард түмнээ илүүд үзэж, тэдний төлөө анхаарал халамж тавих ёстой гэх үзэл санаатай нь холбоотой юм.
1989 оны нэгдүгээр сарын 7-нд Эзэн хаан Хирохито (өвөө нь) хорвоог орхисноор 1991 оны хоёрдугаар сарын 23-нд хаан суурь залгамжлагчийн статусыг Нарүхитод албан ёсоор хүртээв. Ингээд үе залгамжлах ханхүүгийн хувиар 1991 оноос Эзэн хаан Акихитогийн гэр бүлийн төлөөлөгч болж гадаадын албан ёсны айлчлалд оролцох болсон байна. Нарүхито Японы Улаан загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийн албыг 1989-2019 онд хашжээ.
Эзэн хааны эцэг Акихито нас өндөр (85) болж албан үүргээ гүйцэтгэхэд улам бүр төвөгтэй тул суудлаа залгамжлагчдаа шилжүүлж, ажил үүргээсээ хөндийрөх хүсэлтэй байгаагаа 2016 оны наймдугаар сард ард түмэндээ тусгайлан илэрхийлэв. Энэ хүсэлтийг ёсоор болгож Эзэн хааны ширээг залгамжлагчид нь шилжүүлэх “онцгой хууль”-ийг Японы парламент 2017 оны зургаадугаар сард баталлаа. Эзэн хаан амьд сэрүүн байхдаа ширээгээ хүүдээ шилжүүлэх нь санамсаргүй, урьд өмнө нь тохиож байгаагүй шийдвэр байлаа. Японы Эзэн хаан сүүлчийн удаа 200 жилийн өмнө амьддаа суудлаасаа татгалзаж байжээ.
Эзэн хаан Акихито суудлаа орхиж буйг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд зарлаж Нарүхитог 126 дахь эзэн хаанд өргөмжлөх ёслол маргааш нь Токио хотноо хааны ордонд болов. Ийнхүү Рейвийн гэх нэртэй шинэ эрин эхэллээ. Энэ эрин дэг журам, эв зохицлыг илэрхийлэх аж. Рейвийн өмнөх Хейсейн (энх амгаланд хүрэх) эрин эзэн хаан Хирохито өөд болж, хүү Акихито (Нарүхитогийн эцэг) нь 125 дахь Эзэн хаан болсон 1989 оны нэгдүгээр сараас эхэлсэн байна. Эзэн хаан Нарүхито ёслолын дараа товч үг хэлэхдээ бүх нийтээр аз жаргалтай, дэлхий дахинд дэвшил, энх амгалан байна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр эцэгтээ талархал илэрхийлэхдээ хоолой нь чичирч “Миний эцэг бүхий л амьдралаа Японы ард түмэнд зориулсан” гэж хэлжээ. “Тэр (Нарүхито) юу хийхээр төлөвлөж буй нь эхний үгнүүдээс нь бидэнд ойлгогдлоо” гэж Портлендийн их сургуулийн Японыг судлах төвийн захирал Кен Руофф ВВС-гийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
Эзэн хаан асан Акихито өөрийн засаглалын үедээ Японы албан ёсны бус элчин сайд болж, дипломат үүргийг өөртөө хүлээж, гадаад улс орноор олонтоо явж байсан юм. Нарүхитог энэ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж үзэж байв. Эзэн хаан Нарүхито 1993 онд Японы дипломатч, НҮБ-д сууж байсан Хисаси Овадагийн охин Масако Овадатай гэрлэжээ. Тэд 1986 онд танилцсан байв. Масако эхлээд өөрийгөө хааны хатан болно гэдэгт итгэл муутай байсан ч Японы ард түмний төлөө зүтгэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ хэмээн амласан байна. Масако Харвард, Оксфордын их сургуульд сурч, нөхөрт гарах хүртлээ дипломатчийн алба хашиж байжээ. Японд Эзэн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Нарүхито 65 нас хүрсэн хоёрдугаар сарын 23-ны өдөр гэргий, хатан хаан Масако, охин Айко, дүү Акисино болон түүний гэргий Кихо, охин Како нарын хамт хааны өргөөний сэхээвч дээр гарч ирж ард олонтойгоо мэндчилсэн байна. Урьд нь эзэн хаан Нарүхито талархлын үг хэлэхдээ Дэлхийн II дайны аймшгийг залуу үеийнхэн ой ухаандаа хадгалж байх нь чухал болохыг онцолж байж. Мэдээллийн агентлагууд олон түмний сонорт хүргэснээр бол Эзэн хаан, хатан хаан нар энэ онд Хирошима, Нагасакид очиж, Америкийн хаясан атомын бөмбөгт өртөж амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхээр, Япон болон холбоотнуудын цэргийн хооронд ширүүн тулаан болсон Окинава арал дээр очихоор төлөвлөж буй юм байна.
Сонирхуулахад, Японы Эзэн хаан, түүний эдэлж хэрэглэж буй бүхэн улсынх байдаг. Хааны хөрөнгө хогшлыг дэлхийн II дайны дараа хурааж авсан байна. “The Economist” сэтгүүлд мэдээлснээр Нарүхитогийн эцгийг Эзэн хаан байхад жилд таван сая иенийг хувийн зардалд нь зориулж өгдөг байсан нь 3.3 мянган ам.доллартой тэнцэх юм.
Энэ бүхний зэрэгцээ Эзэн хаан, түүний гэр бү¬лийн амьдралыг ордны агентлагийн ажилтнууд чанд хянаж байдаг. Тухайлбал, олон түмэнд хандсан бүх мэдэгдлийг нь нарийн нягтална. Эзэн хааны гол зорилго нь синтоист шашны ёслол, зан үйлийг биелүүлэх явдал гэж үздэг. Хаан, түүний гэр бүлийн гишүүд дэлхийн бусад хааны гэр бүлийн төлөөллийн нэгэн адил гадаад улсуудад зочилж, дотоодын сургуулиуд, буяны байгууллагуудад морилж очдог. Тэгвэл Японы хаан, хатныг бусдаас ялгаруулдаг зүйл гэвэл хаан өөрөө цагаан будаа тарина, хатан нь торго нэхдэг амьтдыг тэжээнэ. Эзэн хаан Нарүхитогийн хувьд нарийн ёс, дэг журам болон хэвлэлийн зүгээс үзүүлж байсан дарамт шахалтаас үүдэлтэй айхавтар бухимдал, цочролыг тэсэж давж гарахад нь дипломатчийн ажил хийж байсан гэргий Масакодоо туслах, хамгаалахад онцгойлон анхаарах шаардлагатай байжээ.
Хааны ордны амьдралын шаардлагад дасахыг хичээж байхдаа гэргий нь ихэд зүдэрсэн гэж 2004 онд Нарүхито хэлсэн байдаг. Түүнчлэн сэтгүүлчидтэй уулзах үед өөрөөс нь удаан хугацаагаар ярих, өмнө нь явж байхыг нь Нарүхито зөвшөөрч, тэвчиж чаддаг байж. Нарүхито ханхүү байхдаа 1992 онд “Темза бид хоёр” нэртэй, Осфордод өнгөрөөсөн хоёр жилийнхээ амьдралыг өгүүлсэн дурсамжийн ном бичсэн байна. Тэр хоёр жил түүний хувьд амьдралынх нь аз жаргалтай үе байсныг ханхүү номдоо хүлээн зөвшөөрчээ. Японы Эзэн хааны гэр бүлийнхнээс гадаадад боловсрол олсон анхны хүн нь болсон тэрбээр тэнд суралцаж байхдаа хатан хаан II Елизабеттэй уулзаж, Лихтенштейний хаан II Ханс-Адамтай цанаар Японы 126 дахь Эзэн хаан гулгаж, Норвегын жонон Харольдтай завиар явж, Диана гүнжтэй ярилцаж байсан аж. Өөрөө картаар төлбөрөө хийж, жинс өмсөж, хувцсаа угааж, индүүдэж байв. Их сургуулийн анд Кит Жоржтойгоо шөнийн клубт орж, хоёул хөгжим тоглож явсан байна. Сургууль төгссөн хойноо АНУ-д Жорж дээрээ зочлон очиж, Баруун Виржинид эцэг, эхийнд нь хонож өнжиж ч байж. Дараа нь тэднийг төрийн цайллагад урьж, Рональд Рейган, эцэг Буш нартай зоог барьсан удаа ч бий аж.
Хатан Масаког Диана гүнжтэй зүйрлэх нь цөөнгүй. Уг нь тэр хоёрын хооронд ялгаа их бий л дээ. Британийн ханхүүгийн анхны гэргий нь эртний язгууртан гэр бүлээс гаралтай бол Масако Овада Харвард, Оскфорд төгссөн дипломатч гэлээ жирийн л эмэгтэй юм. Нарүхито гэрлэх саналыг түүнд гурван ч удаа тавьсан гэдэг. Хаан ширээ залгамжлагчтай сууна гэдэг эрх чөлөөгөө айхавтар хязгаарлуулж, Эзэн хааны гэр бүлийн гишүүний үүрэг, хариуцлага ногдоно гэдгийг ойлгож, залуугийн гуйлтад хариу өгөхөд ихээхэн төвөгтэй байв. Гэлээ ч 1993 онд тэд сүй тавьж, Масако Гадаад хэргийн яамнаасаа гарав. Тэдний хурим 1993 оны зургаадугаар сарын 9-нд синтоист шашны дэг жаягийн дагуу боллоо. Дараагийн хүндхэн зорилт нь хаан ширээ залгамжлах хүү төрүүлэх явдал байв. 1999 онд анхны хүүхдээ төрүүлэхийг хүлээж байтал зулбачхаж. Нарүхито гэрлээд зургаан жил болж байсан болохоор түүний гэргийгээс хаан ширээ залгамжлагч мэндлэхийг япон үндэстэн бүхэлдээ хүсэж байсан гэж хэлж болно. 2001 онд Нарүхитогийнх Айко гэдэг охинтой боллоо. Үүнээс үүдэн хааны титмийг эмэгтэй хүнд өгөх эрх олгохоор хуульд өөрчлөлт оруулах тухай ч ярих болцгоов. Нарүхитогийн дүү Акисино ханхүүгийнд 2006 онд хүү мэндэлснээр энэ яриа намжлаа.
Эзэн хаан Нарүхитогийн ганц охин Айко Токиогийн “Гакусюин” их сургуульд дөрвөн жил суралцаад төгсөв. Тэрбээр Японы сонгодог уран зохиолоор мэргэшиж, дипломын ажлаа дундад зууны яруу найрагч, XII зууны сүүлийн хагаст амьдарч байсан эмэгтэй Сёкусийн шүлгүүдэд зориулжээ. Эцэст нь тэмдэглэхэд, Японы хаант засаглал эртнээс эхтэй, манай эриний өмнөх 600 онд хаан төр барьж байсан гэж домогт өгүүлсэн байдаг юм байна. Японд хаадаа бурхан гэж үзсээр ирсэн, харин Нарүхитогийн өвөө Хирохито дэлхийн II дайны эцсээрэнэ заншлаас татгалзжээ.
Р.Жаргалант