
Урин дулааны цагт иргэд голын эрэг бараадаж, хөдөө орон нутгаар аялж зугаалах нь эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор иргэд гол усанд эндэж амиа алдах тохиолдол ар араасаа гарч байна. Улсын хэмжээнд он гарсаар долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна.
Хэдийгээр онцгой байдлын байгууллагаас "Завьт эргүүл" арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд тогтмол сэрэмжлүүлж байгаа ч усны осол огт буурахгүй байна. Хоёр хоногт л нэг хүн усанд живж байна хэмээн Нийслэлийн ОБЕГ-ын сургалт судалгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Чинбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.