
2019 оны долдугаар сарын 25-ны өдрөөс нийслэлийн таван байршилд зам тээврийн хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа юм.
Энэ талаар НЗДТГ-ын Зам хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга Ш.Энхтөрөөс тодруулахад "Улаанбаатар хотын зарим нэг орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний төвүүд орчмын хөдөлгөөнийг маргаашаас эхлэн нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл орон сууцны дундах сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд өөд өөдөөсөө автомашинууд хараад зогсчихдог шүү дээ. Тиймээс нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж байгаа юм" гэлээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нэг чигийн замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
МАРГААШ АЛЬ ЗАМУУД НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ БОЛОХ ВЭ?
Нэгдүгээрт, Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах Тэди төвийн хойд уулзвараас Урт цагааны зүүн талын уулзвар хүртэл, мөн Найман шаргын урд уулзвараас хойшоо Самбуугийн гудамж хүртэл,

Хоёрдугаарт, Чингэлтэй дүүргийн 2-р хороонд байрлах Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын Голомт банкны зүүн талын чиглэлээс хойшоо Бөмбөгөр худалдааны төв хүртэл, мөн Бөмбөгөр худалдааны төвөөс Компьютер ландын зүүн талын замаар Энхтайвны өргөн чөлөө хүртэл,

Гуравдугаарт, Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах Мөнгөн завъяа дэлгүүрийн зүүн талын замаар хойшоо Занабазарын музей хүртэл,

Дөрөвдүгээрт, Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах ХХААХҮЯ-ны урд талын Баянзүрх захаас Эрхэт төвийн зүүн талын аюулгүй тойрог хүртэл,

Тавдугаарт, Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлах Жуковын хөшөөний хойд талын замаас Американ дэнж болон Гялс төв хүртэлх зам тус тус долоодугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орно
