
Парапауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-21 өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотод зохион байгуулагдсан билээ. Энэхүү тэмцээнд нийт 77 орны 2700 тамирчин оролцсон бөгөөд манай улсаас хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт оролцсон байна.
Үүнээс:
- -80 кг жинд Г.Ган-Эрдэнэ 38 орны тамирчдаас 28 дугаар байр
- -107 кг жинд МУГТ Э.Содномпилжээ 20 орны 22 тамирчдаас алтан медаль хүртэж дэлхийн аварга болжээ. Мөн өөрийн эзэмшдэг дэлхийн рекордыг 247 болгож шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлсэн билээ. Энэ талаар Монгол Улсын ПНХ-оос мэдээлэл хийлээ.
ПНХ-ны нарийн бичиг Д.Баттулга: Казахстан улсад болсон энэхүү тэмцээн Олимпын дараа ордог томоохон тэмцээн юм. Энэ тэмцээнд манай Э.Содномпилжээ амжилттай сайхан оролцож түрүүллээ. Тэрбээр дэлхийн рекордыг 3 кг ахиулж 247 кг болголоо. Өрсөлдөөн бол маш ширүүн байсан дандаа өндөр зэрэглэлийн нэг жингийн тамирчид өрсөлдсөн. Тийм учраас халаалтаас авахуулаад бүгд өрсөлдөөн байлаа.
МУГТ Э.Содномпилжээ: Бэлтгэл хийж байхдаа цээжин дээрээ 260 шахдаг байсан. Тэмцээнд орж байх энэ бол өөрчлөгдөнө. Яагаад гэхээр тактикын асуудал дараа дараагийн тэмцээнд орохдоо өөрийгөө нөөж байгаа юм. Би 2020 оны Токиогийн олимпд хамаг хүчээ гарна. Парапауэрлифтингийн спорт бол ганц хүч тамирын спорт биш. Тайзны ард л жинхэнэ өрсөлдөөн болж байдаг. Жин захиалж өргөнө гэдэг бол маш том тактикийн асуудал юм. Тиймээс өрсөлдөж буй улс орнуудын дасгалжуулагч, тамирчид тэнд оюун ухаанаа уралдуулдаг.