
Маргааш буюу 2019 оны долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд элэгний үзлэг, оношлогоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх нээлттэй өдөрлөг 11.00-16.00 цагт болно. Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ч үзүүлэх аж.
Энэхүү арга хэмжээг "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн "Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая" уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран хийх юм.
Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитийн халдвартай амьдарч жил бүр 1.4 сая хүн нас барж байгаа. Нас баралтаар сүрьеэ өвчний дараа ордог, ХДХВ/ДОХ-ын халдвараас 9 дахин илүү хүн вируст хепатитийн халдвараар өвчилж байна. Сүүлийн 20 жилд вируст хепатитийн нас баралт ихэсч байгаа нь дэлхий дахинд уг өвчний талаар мэдээлэл муу байгаатай холбоотойг судалгаагаар баталжээ.