
Өнөөдөр Улаанбаатар хотод +26 градусын дулаан, аянга цахилгаантай аадар бороо орно. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 207 дахь өдөр бөгөөд он дуусахад 158 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +26 градусын дулаан бол шөнөдөө 15 градус дулаан, аянга цахилгаантай аадар бороо орно.
- Билгийн тооллын 24, Гоё хүүхэн одтой, хөх хулгана өдөр. Өнөөдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2,665 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 387.70, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Судасны хэт авиан оношлогоо” олон улсын сургалт эхэлнэ. Утас: 91110769
- 09.30 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Газрын цахим бирж"-ийн нээлт болно. Утас: 88049313
- 10.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
- 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон онцгой байдлын аврагчдын ар гэрийнхэн Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
- 11.00 цагт Тээврийн цагдаагийн албаны байранд Албан журмын даатгагчдын холбооноос зам тээврийн ослын даатгалыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар мэдээлнэ.
- 11.00 цагт Сүхбаатарын талбайд “Дэлхийн Хепатитийн өдөр”-ийн хүрээнд элэгний В, С вирусын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар төлбөргүй үзлэг хийнэ.
- 11.30 цагт ХХААХҮЯ-нд ЖДҮХС-гийн зээлийн шалгаруулалтын талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 657 онд Лалын анхны иргэний дайны үеэр Евфрат мөрний дэргэд Аль ибн Абу Талиб, нэгдүгээр Муавия нарын хооронд Сифины тулалдаан болсон.
- 1519 онд Испанийн колончлогч Франциско Писарро Өмнөд Америкийн баруун эрэгт өөрийн хаанчлалаа тогтоов.
- 1803 онд дэлхийн хамгийн анхны олон нийтэд зориулсан төмөр зам болох "Surrey Iron Railway" Лондонгийн өмнөд хэсэгт нээгджээ.
- 1908 онд АНУ-ын Ерөнхий прокурор Чарльз Жозеф Бонапарт Холбооны мөрдөх товчоо буюу "FBI"-ыг байгуулжээ. Тэрбээр Францын эзэн хаан Наполеон Банопартын удмын хүн аж.
- 1945 онд Потсдамын бага хурлын үеэр АНУ, Их Британи, Дундад иргэн улс Импрериалист Япон улсыг бууж өгөхийг шаардаж байжээ.
- 1953 онд Кубын хувьсгалч Фидель Кастрог Монкада муж руу цэргийн хүчээр халдах ажиллагаа бүтэлгүйтжээ.