Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөхөртэй болохын тулд Ташуурдуулна

2020-06-23

Эмэгтэй хүнд гар хүрэх нь олиггүй, мулгуу эрийн шинж гэдэг. Тэгвэл Этиопын хамер овгийн эрчүүд нөхөрт гарах охидыг ташуурдан зодох ёстой. Ингэснээр үүрэг, хариуцлагаа ухамсарласан сайн эрд тооцогдоно. Ер нь эл овгийнхон тун хачирхалтай ёс заншил ихтэй юм байна. Жишээ нь, жил бүрийн намрын сүүл сард Этиопын өмнөд хэсэгт орших Омо голын эрэгт хамер овгийнхон цуглан, онцгой нэгэн ёслол үйлдэж, өсвөр насны болон залуу эрчүүд нь хэдэн эгнээ болгон зогсоосон бухнуудын араар дөрвөн удаа гүйж өнгөрдөг байна. Гүйх зууртаа унах, бухнуудыг шүргэх зэргээр ямар нэгэн алдаа гаргаж болохгүй. Хэрэв алдвал сүрлэг эвэрт өлгөгдөх эрсдэлтэй. Ийм аюултай үйлдэл хийснээр “Би мал маллах хүсэлтэй” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Овгийнхон залуу эрчүүдээ маза гэдэг байна. Эр зоригоо харуулсныхаа төлөөх сорви нь мазагийн насан туршийн чимэг болно.

Хамерчуудын хамгийн хачирхалтай ёслол нь “согтуу бүжиг” гэнэ. Нэгэн орос судлаач “Хамерчуудын хамгийн том тосгон Оморатад очлоо. Даам шиг нэгэн жигд, жижигхэн 25 байшингийн эргэн тойронд нэг ч эмэгтэй алга. Хүүхэд, хөгшид бүгд эрэгтэй харагдана. Бүсгүйчүүд нь хаачсаныг асуухад дараа өдөр болох ёслолд бэлтгээд тосгоноос гарсан гэнэ. Тийш явлаа. Голын цутгалын хажууд янз бүрийн насны 30 орчим эмэгтэй нэг зүйл хийгээд тун завгүй. Тэд чан хэмээх ундаагаа чанаж байгаа нь тэр. Энэ нь овгийнхны уламжлалт ундаа бөгөөд үр тариагаар хийдэг, өвөрмөц амттай, шар айраг шиг эд. Биднийг очиход таван охин шавар аяганд чан хийж өглөө. Тэнд байх эмэгтэйчүүд цээж нүцгэн, арьсан банзалтай байна. Хүзүү, хөл, гартаа гялалзсан төмөр гогцоо, ээмэг зэрэг чимэглэл зүүжээ. Чан өгсөн охидоос бусдынх нь нуруун дээр урт, гүн сорвинууд байх нь нүд халтирам. “Согтуу бүжгийн” ёслол эхлэхийн өмнөх өдрийн турш тосгоныхон чанаа ууж, транс байдалд орохоор сэтгэл санаагаа бэлдэнэ.

Эмэгтэйчүүдийг хайр найргүй ташуурддаг ёслол эхэллээ. Эл ёслолын баатрууд нь сорвигүй охид юм. Нуруугаараа дүүрэн сорвитой эмэгтэйчүүд төмөр бугуйвчаараа нэгэн хэмнэлтэй товшин, дуулж эхлэв. Чан аягалж байсан охид талбайн голд асаасан түүдгийг тойрон гүйж, хөлөө савчин ухаан нь самуурсан хүн шиг бүжиглэнэ. Ингэж байснаа тэд үе үе зогсож, аягатай чанаас гүд гүдхийн залгилаад үргэлжлүүлэн бүжнэ. Ийм байдалтай хагас өдөр өнгөрөхөд гартаа ташуур барьсан мазанууд түүдэгт ойртон ирлээ. Охид тэднийг бүчин авахад, хаа нэгтээгээс лимбэдэх чимээ сонсогдов. Бүсгүйчүүдийг ташуурдуулахдаа бэлдэхийг сануулж буй хэрэг. Мазанууд охидын ард зогсоод урт ташуураараа шавхуурдаж эхлэв. Нурууг нь даган урсах цус, хорсож, өвдөхийг шүд зуун тэвчих охид үнэхээр өрөвдмөөр. Гэсэн ч яалтай билээ. Ийм зодуурыг дааж гарч байж л аз жаргалтай, амжилттай амьдрах баталгаатай болно гэж итгэдэг юм билээ. Ташуурыг тэвчиж чадсан хүн амьдралын зовлонг ч давна гэж үздэг юм байна. Ташуурддаг ёслолын дүрмийн дагуу охидыг тэнд цугласан мазанууд бүгд ээлжлэн шавхуурдана. Тухайн охины төрсөн ах, эсвэл эрэгтэй дүү эхэлж ташуурдах учиртай. Ингэснээр амьдралынх нь зовлонг эхэлж нимгэлж байна гэж итгэдэг гэсэн. Бүжгийн туршид өвдсөнөөсөө болж орилж, уйлах хориотой. Нам гүм дундаас ташуур, үсэрч бүжиглэх бүсгүйчүүдийн хөлийн чимээ л сонсогдох ёстой. Эл чимээ хэдэн цагийн турш үргэлжлэх нь үнэхээр аймшигтай” гэж бичжээ.

Сайхан амьдрахын төлөө цус нөжтэйгөө холилдсон охид тэнхэрснийхээ дараа нөхөртэй болох ёстой ч “согтуу бүжгийн” шархнаас болж амьсгал хураах нь бий гэнэ. Нэг зүйл онцлоход, ташуурдуулаагүй охид насан туршдаа хүнтэй суухгүй. Тэгэхээр заавал зодуулах ёстой ч хэрэв ах, эсвэл эрэгтэй дүүгүй бол уг ёслолд оролцох эрхгүй. Гэхдээ тийм тохиолдол бараг үгүй. Учир нь хамерчууд олон хүүхэдтэй байх ёстой гэж үздэг учраас тэдэн дунд нь ядаж ганц хүү заяана. Хамтын амьдрал эхлүүлэхийн төлөө тийм их өвдөлт, шаналлыг тэвчиж гарчихаад хүнтэй суухгүй тохиолдол байдаг нь харамсалтай. Тийм үед охиныг анх ташуурдсан эрэгтэй насан туршид нь халамжлах ёстой. Түүнчлэн хамер бүсгүйчүүд ах, эрэгтэй дүү болон нөхрөө алдсан тохиолдол овгийн эрчүүдийн тусламжтайгаар амьдардаг гэнэ.

Нуруун дээрх сорви нь хамер эмэгтэй хүний хүч чадлын илэрхийлэл юм. Сорви олон байх тусам илүү сайхан эмэгтэй гэж үнэлэгдэнэ. “Согтуу бүжгийн” шархыг даваад гарсан охидыг авч суусан эр насан туршид нь жаргаах учиртай бөгөөд гэр бүлийн ариун бус явдлыг хамерчууд харин үздэггүй гэнэ.

Ташрамд сонирхуулахад, Африк тивд орших Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс нь Эритрей, Судан, Кени, Сомали, Жибутитэй хиллэдэг бөгөөд дэлхийн хамгийн эртний гүрнүүдийн нэг. Хүний хувьсал, хөгжлийн баримт болсон гайхалтай олдворууд чухамхүү тус улсын нутаг дэвсгэрээс олдсон байдаг. Судлаачдын үздэгээр, эрт цагт тэр нутгаас нүүдэллэсэн хүмүүс дэлхийд тархан суурьшсан аж. Муссолинигийн дарангуйллын үед 1936 онд Италид эзлэгдсэн Этиоп 1941 онд чөлөөлөгджээ. Нийслэл нь Аддис-Абеба, албан ёсны хэл нь амхар. Газар нутгийн хувьд 1 104 300 ам км буюу дэлхийд 27 дугаарт эрэмбэлэгддэг, бараг 88 сая хүн амтай.

Этиопын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг олон зуун овог дунд хачирхалтай, маш өвөрмөц ёс заншилтай нь цөөнгүй. Жишээ нь, 20 гаруй сая хүн амтай буюу эл үзүүлэлтээр улсдаа хоёрдугаарт бичигддэг амхара овгийнхон нэг жилийг 13 сараар тооцдог юм байна. Хүн төрөлхтөн 00.00 цагаас хойш шинэ өдөр эхэлсэнд тооцдог бол амхарачуудын хувьд энэ ойлголт 06.00 цаг юм. Эл овгийнхон нярай хүүхдүүдийг 40-80 өдрийн дараа бусдад харуулдаг. Түүнээс өмнө аав, ээж нь хүүхдээ харах эрхтэй. Бас хуримын зочдын тоо нь бэлэгт тооцогддог байна. Энэ мэт сонирхолтой овгуудын нэг нь яах аргагүй хамер гэдгийг судлаачид онцолжээ.

Бэлтгэсэн: Э.Хана