У.ЦЭЦЭГ
“Бичгийн хүн миний бие төрийн хэргээс ангид байхыг хүснэ”. Тайзнаас дуулдах энэ үгс тухайн цаг үед амьдарч байсан нэгэн залуугийн дотоод шаналал, эрх чөлөөний тэмүүллийг өнөө цагт өртөөлөн хүргэх шиг. Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийг бид шүлэг, зохиолоор нь сайн мэднэ. “Миний нутаг”-аар эх орноо магтан дуулж, “Хуучин хүү”-гээрээ нийгмийн бодит байдлыг тольдон харуулсан их зохиолчийн эгэлгүй бүтээлүүдийн цаана ямар хувь тавилан нуугдаж байв. Тэрбээр юунд итгэж, ямар нийгэм, зөрчил дунд энэлж явсан бол. УДЭТ-ын тайзнаа 10 жилийн дараа дахин толилуулж буй “Жаргаагүй нар” жүжиг эл асуултад хариулт эрэлхийлжээ.
Хөшиг нээгдэхэд л тайзнаас ердийн нэгэн түүхэн хүний намтар бус, цаг үетэйгээ ойлголцож чадаагүй уран бүтээлчийн эргэлзээ, тэмцэл нэвт шингэсэн нь мэдрэгдэнэ. Төрийн хэргээс хол байж, үзэг цаасныхаа эрх чөлөөг хадгалахыг хүссэн Нацагдоржийн хэлсэн үгс түүний цаашдын эмгэнэлт хувь тавиланг урьдчилан зөгнөх шиг санагдана.
“Зүрхэн тольтод хэлдэг дээ, зарим хэрэгт өвс мэт нам дор байж...” хэмээх хэсгээс түүний болгоомжлол, өөрийнхөөрөө орших гэсэн эцсийн хүсэл тод илэрнэ. Энэ бол гагцхүү нэгэн зохиолчийн амьдралын замналыг харуулсан бүтээл биш. Харин тухайн цаг үеийн үзэл суртал, хатуу нийгэм залуусын хүсэл мөрөөдөлтэй хэрхэн харшилж байсныг илчилсэн түүхэн эмгэнэлт жүжиг билээ. Зарим хүний амьдралын нар жаргавч бүтээсэн түүх нь баларч хуучирдаггүй. Цаг хугацаа улирч, бие нь хорвоогоос буцсан ч туурвисан бүтээл нь үлдэж, алдар нэр нь үеэс үед дуурсагддаг. Тэгвэл “Жаргаагүй нар” жүжиг их зохиолчийн тухай бидний төдийлөн мэддэггүй дотоод ертөнц рүү нь өнгийх боломж олгож байна.
ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРЭЛХИЙЛСЭН НЬ
Нацагдоржийн дүрээр дамжуулан энэ жүжгийн хамгийн хурц, басхүү эмзэг зөрчил ил гарна. Тухайн үеийн үзэл сурталт нийгмийн шахалттай тэрбээр хэрхэн нүүр тулж байсныг “СССР-ийн сургагч багш нар муу хувцастай ирчхээд, сайн хувцастай болоод буцдаг нь нуух юм биш биз дээ. Би хувьсгалын зохиолч биш ээ” хэмээх үгсээс тодхон харж болно. Энэ мөчид их зохиолчийн уран бүтээлчийн эрх чөлөөг эрхэмлэсэн байр суурь, зарчимч зан чанар ямар гуйвшгүй байсныг мэдэрч, суудлаасаа өндөлзөх шиг болов. Тэрбээр аливааг сохроор даган дуурайх бус, өөрийнхөөрөө харж, тунгаан, үнэнийг эрэлхийлдэг жинхэнэ сэхээтэн байсныг ямар ч гоёчлолгүйгээр харуулсан юм.
Мөн Д.Нацагдоржийн дотоод зөн совин, ухамсрыг бие даасан дүр болгон тайзнаа амилуулсан найруулагчийн зоримог шийдэл сэтгэл татав. Уг дүр зохиолчийн дотоод ертөнцийг илэрхийлэхийн зэрэгцээ түүний амьдралыг хөндлөнгөөс ажиглаж, бодол санаатай нь ярилцан, үйл явдлыг хөтлөн өгүүлнэ. Өөрөөр хэлбэл, Нацагдорж өөрийн амьдралын замналыг дотоод дуу хоолойтойгоо мэтгэлцэн, эргэн нэг тунгааж буй мэт сэтгэгдэл төрүүлэв. Түүний хэлж амжаагүй үгс, сэтгэлийн гүндээ тээсэн шаналал, зөрчлийг энэ дүрээр дамжуулан үзэгчдэд ойртуулж чаджээ.
Үйл явдал өрнөх тусам жүжгийн уур амьсгал улам бүр “хүндэрнэ”. Намуухан, уянгалаг өнгөөр эхэлсэн түүх аажмаар түгшүүр, дотоод зөрчлөөр дүүрч, их зохиолчийн эмгэнэлт хувь тавиланг тодруулна. Тэрбээр дотоод ертөнц, уран бүтээлийн онгодоосоо алсарч буйгаа “Унтрашгүй онгодыг минь дэвжээсэн сайхан бүхнээс нэгээхэн нь ч алга. Би мэдэрсэн, анзаарсан хоёроороо бүх гунигаа үргээе гэвч миний бие одоо энэ газар оронд хэрхэхээ мэдэхгүй байна” хэмээн харуусан өгүүлнэ. Түүний ганцаардал, төөрөгдөл театрын танхимыг сүүдэр мэт бүрхэх шиг санагдсаныг нуух юун. Авьяас билиг, оюун санаагаараа ертөнцийг танин мэдэхийг хүссэн эрх чөлөөг эрэлхийлэгч нэгэн өөрийн амьдарч буй цаг үед багтаж, шингэх газаргүй болохын зовлонг жүжигчин Б.Шинэбаяр Д.Нацагдоржийн дүрээр дамжуулан үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулж чаджээ.
ХАЙР, ХАГАЦЛЫН ДУНДАХ НАЦАГДОРЖ
“Жаргаагүй нар” зөвхөн нийгмийн зөрчил, цаг үеийн хатуу ширүүнийг өгүүлсэнгүй. Нацагдоржийн амьдралын цаана хайр дурлал, гэр бүлийн нандин холбоо, хүний энгийн атлаа гэгээн хүсэл мөрөөдөл оршиж байв. Жүжигчин Б.Шинэбаяр түүнийг зовлон бэрхшээл туулсан эмгэнэлт хүн төдийгөөр харуулалгүй, юунд тэмүүлж, юуны төлөө амьдарч, зүрх сэтгэлдээ ямар их хайр тээж явсныг нь харуулахыг зорьжээ.
Түүний амьдралд гэргий Д.Пагмадулам онцгой байр суурь эзэлнэ. Тэдний хайр дурлал, харилцааны эмзэг түүх жүжгийн үйл явдалтай уусан сүлэлдэж, Нацагдоржийн дотоод ертөнцийг өөр өнцгөөс нээнэ. Бид түүнийг их зохиолч хэмээн хүндэтгэдэг атлаа хайрлаж дурласан, хань ижлээ санаж үгүйлсэн, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй эгэл хүний хувьд хэр зэрэг мэддэг билээ.
Хатуу зөөлөн хосолсон амьдралын нугачаанд халгаж бүдэрч, босож тэмцэхдээ хүн бүхэн л хайраар цангаж явдаг тухай эл жүжиг, тэр дундаа Б.Шинэбаярын жүжиглэлт зүрхэнд шивнэх шиг. Хайр гэдэг зөвхөн хоёр хүний харилцаа бус, хүнд хэцүү цагт түшиг болох халуун сэтгэл, ойлголцол, амьдрах итгэл найдвар аж. Их зохиолчийн охиноо санан үгүйлсээр
“...Сэтгэлийн мянган зовлонг
Сэргээх нэгээхэн зүйл ч үгүй гэж үү
Сар шиг охиноо эрж
Санааны чамайгаа хайж байна, би
Ганц охиноо бодохуй дор
Хайрлах сэтгэл минь ундарч
Гаслант орчлон ийм тул
Хаанаас тусыг олох билээ...”
хэмээн шүлэглэсэн нь тухайн мөчид хэлж амжаагүй үгс, сэтгэлдээ хадгалсан гунигийнх нь дуу хоолой болж үзэгчдийн сэтгэлд хүрэх шиг болно. Магад энэ дүрийг Б.Шинэбаяраас өөр хэн ингэж амьдруулж чадах сан билээ. Арван жилийн өмнө ч, өнөөдөр ч энэ л дүр түүнд яв цав тохирсныг танхим дүүрэн үзэгч амьсгаа даран мэдэрсэн биз ээ.
Хоёр цагийн турш их зохиолчийн эмгэнэлтэй
хувь тавиланг тольдон суухдаа үзэгчдийн хоолой зангирч, нулимс аягандаа тогтохгүй мэлмэрэх нь тэр. Түүний алдар гавьяа, бүтээл туурвилын цаана охиноо санасан эцгийн эмтэрсэн сэтгэл, хайртай хүнээ үгүйлсэн эр, амьдралынхаа утга учир, эрх чөлөөг хайсан нэгэн оршиж байсныг эл жүжиг ямар ч гоёчлолгүйгээр дэлгэн харууллаа. Театрын хаалгаар гараад дөрөв хоног өнгөрсөн ч зүрх шимшрэм тэр мэдрэмж арилахгүй, их зохиолчийн тухай бодох төдийд л сэтгэл хөндүүрлэх нь юутай гунигтай.
ГУНИГ ДУНДААС “УРГАСАН” БҮТЭЭЛ
Гуниг, түгшүүрт уур амьсгалын дунд Нацагдорж уран бүтээлдээ умбан буй мөчүүд сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлнэ. Бидний хүүхэд ахуй цагаасаа зохиол бүтээлийг нь уншиж, сэтгэлдээ төсөөлөн таньж ирсэн их зохиолч чухам ийм л хүн байсан болов уу гэх бодол эрхгүй төрнө. Ялангуяа Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” дуурийг туурвиж буй хэсэгт түүний бүтээлч сэтгэлгээ, залуу насны хүсэл тэмүүлэл, мөрөөдөл тодхон илэрнэ. Амьдралын хатуу хөтүүг туулсан ч уран бүтээлийнхээ ертөнцөөс аз жаргал, эрх чөлөөг олж байсан зохиолчийн дүр төрх энэ мөчид илүү тод илрэх аж.
Үүний зэрэгцээ Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Донровын Намдагийн дүрийг амилуулсан Соёлын тэргүүний ажилтан Т.Сэргэлэнгийн ур чадварыг онцлох нь зүйтэй. Тэрбээр Нацагдоржийн үнэнч анд, түшиг тулгуур төдийгүй тухайн цаг үеийн соён гэгээрүүлэгч, үзэл санааны нэгэн багана байсныг цөөхөн үг, оновчтой үйлдлээрээ маш чадварлаг гаргаж иржээ. Нацагдоржийн хувьд урлаг бол ердөө мэргэжил төдий байсангүй. Харин өөрийгөө илэрхийлэх, ертөнцийг танин мэдэх, хойч үетэйгээ холбогдох цорын ганц арга зам нь байв. Тиймээс ч түүний туулсан зовлон шаналал цаг хугацааны эрхээр бүдгэрсэн ч оюун санаа, үзэл бодлыг нь шингээсэн бүтээлүүд өнөөдөр ч бидэнд хүрч, үнэ цэнийг нь сануулсаар байна.
“Жаргаагүй нар” жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар агсан бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулжээ. Уг бүтээлийг 2016 онд их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан тайзнаа анх амилуулж байсан бол арван жилийн дараа буюу өдгөө тус театрын 95 жилийн ойн босгон дээр ийнхүү дахин сэргээн толилуулж буй нь энэ юм.
Найруулагч Ч.Түвшин жүжгийн гол санааг тайлбарлахдаа “Их зохиолчийн амьдралын хувь заяа, туулсан замнал нь жаргалтай байгаагүй ч түүний үзэл санаа, зохиол бүтээл нь өнөөдөр ч гэрэлтэн түгсээр байгааг илэрхийлэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл, их зохиолчийн бүтээсэн оюун санааны нар хэзээ ч жаргаагүйг үзэгчдэд хүргэхийг хүссэн” хэмээв.
МӨНХӨД ҮЛДЭХ ӨВ
Жүжгийн төгсгөлд Нацагдоржийн амьдралын гунигт төгсгөл үзэгчдийн сэтгэлийг шимшрүүлнэ. Д.Пагмадулам хайртай ханиа эцсийн замд нь үдэж буй тэрхүү зүрх зүсэм мөч зөвхөн хоёр хүний хагацлыг бус, цаг үеийнхээ хатуу ширүүнд авьяас билиг, үзэл санаагаа бүрэн дүүрэн илэрхийлж амжилгүй хорвоог орхисон их зохиолчийн эмгэнэлт хувь тавиланг ч мэдрүүлнэ.
Д.Нацагдорж ердөө 31 насалсан ч яруу найраг, өгүүллэг, жүжиг, орчуулга гээд утга зохиолын олон төрөлд авьяас билгээ сорьж, хойч үедээ үнэлж баршгүй өв үлдээжээ. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын хэлснээр түүний бүтээлүүдээс эх орноо хайрлах чин сэтгэл, ертөнцийг танин мэдэх өргөн сэтгэлгээ, уран бүтээлчийн зөн билиг тодхон харагддаг.
УДЭТ-ынхан жүжгийг тайзнаа толилуулахаас гадна үзэгчдэд их зохиолчийн амьдрал, уран бүтээлтэй нь илүү ойр танилцах боломж бүрдүүлжээ. Тухайлбал, театрын хоёрдугаар давхарт түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, амьдралынх нь онцлох агшнуудыг буулгасан архивын гэрэл зургуудыг дэлгэсэн байна. Мөн Үндэсний номын сантай хамтран үүдний танхимдаа ховор ном, судалгааны хэвлэлүүдийг дэлгэсэн нь үзэгчдэд жүжгийн дараа ч Нацагдоржийн ертөнцөөр аялах боломж олгож байв.
Бид Д.Нацагдоржийг бүтээлээр нь дамжуулан таньж, бахархаж ирсэн. Харин “Жаргаагүй нар” жүжиг түүний шүлэг, зохиолын цаана орших хувь тавилан, дотоод ертөнцийг нээн харууллаа. Тэр ч бас бусдын адил хайрлаж, мөрөөдөж, ганцаардаж, цаг үеийнхээ хатуу хөтүүтэй нүүр тулж явсан нэгэн. Тиймээс эл жүжгийн үнэ цэн их зохиолчийг дахин алдаршуулсанд бус, харин бидний сайн мэдэх мэт санагддаг тэр хүнийг өөр өнцгөөс ойлгож, сэтгэлээрээ мэдрэх боломж олгосонд орших болов уу. Нацагдоржийн амьдрал нэгэнт төгссөн ч түүний оюун санааны гэрэл бүтээлүүдээр нь дамжин үеийн үед түгсээр буй билээ.