АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 21 хүртэл үргэлжлэх жиү жицүгийн бүсний ангилалтай ДАШТ-д манай тамирчид зодоглож буй. Цэнхэр бүсний мастер хоёр ангиллын 77 кг-ын жинд Өмнөговь аймгийн “Говь пантера” дэвжээний тамирчин Б.Цолмон нэг ч хожигдолгүй ялалт байгууллаа. Түүний хувьд хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан ч шөвгийн 16-д ОХУ-ын Егор Семенов, шөвгийн 8-д Тажикистаны Дилшод Журазодаг хожив. Хагас шигшээд мөн хойд хөршийн Юрий Шелесныйг ялж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан. Аваргын төлөө Казахстаны Калкаман Еркинбаевыг илүүрхэж, дэлхийн аваргаар тодорсон юм. Түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх жиү жицү академи, зэвсэгт хүчний 015 дугаар ангийн тамирчин, аймгийн начин О.Бат-Эрдэнэ насанд хүрэгчдийн ангиллынхны 120 кг-д хүч сорихдоо хагас шигшээд Бразилын тамирчин Кеннид Дуартед ялагдаж финалын өрсөлдөөнөөс хасагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Йорданы Аун Базадуг хожсоноор дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтав. Эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд “Ральф грэйси” академийн тамирчин Ү.Отгонжаргал эхний тойрогт Саудын Арабын Султана Альдоссариг ялж, шөвгийн наймд нутаг нэгт тамирчин “Thunder BJJ аcademy”-ийн Т.Мягмаржавыг хожив. Тэрбээр хагас шигшээд Болгарын Жаклина Ивановаг буулган авч, медалийн төлөөх барилдаанд хойд хөршийн Альбина Григоренког илүүрхэн хүрэл медалийн эзэн боллоо.