Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, олон улсад эрэн сурвалжлуулан байршлыг нь тогтоолгохоор Интерполд хандаад буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн даваа гарагт АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгалтын ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн явцад авлигын гэмт хэрэг үүссэн нөхцөл байдал, ямар албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж буй талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, тус хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Э.Оюунболд, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Н.Дамдинсүрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт нар тайлбар өглөө.
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” БАЙГАЛЬ ОРЧИНД 352.2 САЯЫН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
Х.Нямбаатарт өнгөрсөн есдүгээр сарын 25- нд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас баталсан юм. Улмаар түүнийгээ танилцуулахаар прокурор, мөрдөх байгууллагаас Х.Нямбаатарыг удаа дараа дуудсан боловч ирээгүй аж. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарыг дуудан ирүүлэх бичгийг удаа дараа хүргүүлсэн. Ирээгүй. Шалгаад үзэхэд Х.Нямбаатар 2026 оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр нэвтэрч, гадагшаа явсан нь бүртгэгдсэн байна. Хаяг, байршлыг нь тодруулахаар ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооны Ажлын албаны шугамаар дамжуулан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад хандсан. Албан бус мэдээллээр одоогоор Канад улсад түр оршин сууж байгаа гэсэн. Монгол, Канад улс хооронд эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байхгүй. Гэхдээ Монгол Улс, Канад Улс хоёулаа Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнх нь нутаг дэвсгэрт байвал тухайн улсад шилжүүлэн өгөх хууль, эрх зүйн зохицуулалттай. Бид олон улсын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн, одоогоор албан ёсоор хариу ирээгүй” гэсэн юм.
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нягтлах ажлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан ТЕГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах тогтоол Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. Уг ажлын хэсгийнхэн нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 мега төсөл, түүний дотор “Туулын хурдны зам”, “Шинэ тойрог авто зам”, “Сэлбэ дэд төв” зэрэг төсөлтэй холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын зургаан хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ хүрээнд 40 гаруй удаагийн үзлэг нэгжлэгээр их хэмжээний цахим файл, тендер сонгон шалгаруулалтын болон санхүүгийн баримтуудыг холбогдох байгууллагуудаас хураан авсан аж. Мөн төсөл, нэгж хариуцсан албан тушаалтнууд болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцсон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд зэрэг 200 орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ирүүлсэн файл, материалуудад үзлэг шинжилгээ хийх, санхүүгийн мөрдлөг явуулах, хуульд заасны дагуу зарим холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийсэн гэнэ.
Мөрдөн шалгасан зургаан хэргээс нэгийг нь шүүхэд шилжүүлсэн бөгөөд үлдсэн тавыг нь нарийвчлан шалгаж буй. Тэдгээрт нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар ямар нэгэн байдлаар холбоотой нь тодорхой болж, яллагдагчаар татсан аж. Тэдгээрийн нэг нь “Туулын хурдны зам” төсөл. Хууль сахиулах байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эл төслийн гүйцэтгэгч компанийн арилжааны банкны 14 дансанд байгаа 339 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож царцаажээ. Зарим иргэн олон нийтийн сүлжээнд “Х.Нямбаатар 500 тэрбумыг урьдчилгаанд шилжүүлж, завшсан, үгүй хийсэн” гэсэн утгатай зүйл бичиж, нийтэлж буй. Мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн урьдчилгаа төлбөр болох 500 тэрбумаас дээрх хэмжээний мөнгийг дансанд нь царцаасан бол 160 орчим тэрбум төгрөг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан нөхцөл байдал тогтоогдоод буй аж.
“Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх явцад нийслэлийн ногоон бүсийн буюу Туул голын эргийн 7.2 га талбай өртсөн нь Ойн газраас ирүүлсэн БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газарт илгээсэн дүгнэлтэд тодорхой тусгажээ. Тодруулбал, Туул голын дунд насны бургасан ойг шилжүүлж суулган, төслийг хэрэгжүүлэх ёстой байтал огт тийм арга хэмжээ аваагүй, хавтгайруулан огтолсны улмаас экологи-эдийн засагт 352.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, 7.2 га талбайд учирсан шууд болон шууд бус хохирол 117.4 саяар тооцогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1-т “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэснийг үндэслэн нийт хохирол 352.2 сая төгрөг гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гаргасан аж.
20 ГАРУЙ ТЕНДЕРТ Х.НЯМБААТАР НӨЛӨӨЛСӨН ГЭВ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компанид урьдчилгаа төлбөрийн 500 тэрбумыг олгохдоо бусдад эдийн засгийн давуу байдал бий болгох гэмт хэрэг өдүүлсэн байж болзошгүй аж. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.4-т заасныг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй, баталгаа гаргах эрхгүй этгээд байхад 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрхийг нээж, олгосон нь бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, яллагдагчаар татсан. Тухайн үед нийслэлийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Б “Урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг шилжүүлэх хууль зүйн боломжгүй байна” гэж санхүүжилтийн эрх нээхээс татгалзсан. Гэтэл Х.Нямбаатар нь тухайн албан тушаалтнаас Т.Даваадалай руу эрхийг нь шилжүүлсэн тушаал гаргасан” гэсэн юм. Уг хэрэгт Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан гэнэ. Түүний нэг нь Т.Даваадалай аж.
Х.Нямбаатар дээрхээс гадна “Сэлбэ дэд төв” төслийн санхүүжилтийн эрхийг бусдад шилжүүлж давуу байдал олгосон үйлдэлд холбогдсон гэнэ. “Сэлбэ дэд төв” төсөлтэй холбоотой долоон багц тендер зарлажээ. Үүний 4.2 дахь багц буюу 994 айлын 223.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 14 блок барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хариуцаж байсан албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Үүнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг холбогдуулсан. Тэрбээр өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулахад оролцсон хэмээн буруутгагдаж буй.
Мөн Х.Буянтүмэн даргын мэдээлэлд “Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд, иргэнд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэдэг асуудлаар шалгаж байна. Тухайлбал, Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой С гэж хүний үүсгэн байгуулсан хуулийн этгээдийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр “Сэлбэ дэд төв”-ийн гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр хийх тендерт хууль бусаар шалгаруулсан гэж буруутган шалгаж байна. Мөн энэ хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Соёлын төв өргөөний засварын ажлыг 678 сая төгрөгөөр хийх ажилд хууль бусаар шалгаруулжээ. Мөн Хэнтий аймгийн Бэрх тосгонд 2023 оны есдүгээр сард 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 1.7 тэрбумаар хийх төсөвт өртөгтэй тендерт хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон хэргүүдийг мөрдөн шалгаж байна” гэв.
Т.ДАВААДАЛАЙ НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД БУЦААЛАА
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгах ажлын хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын зургаан хэргээс нэгийг нь шүүхэд шилжүүлсэн талаар дээр дурдсан. Шүүхэд шилжүүлсэн нь Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын “Метро” төслийн менежерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай, үеэл дүү “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Н.Билгүүн, “Шинэ тойрог зам” төслийн нэгжийн менежер А.Ербол нарт холбогдох хэрэг.
АТГ-ынхны мэдээлэлд “Шинэ тойрог авто зам” төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан байдаг. Тендерийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын I орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай хийж, хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан. Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон гурван албан тушаалтныг их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-2, 18.6-2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэргийг мөрдөн шалгаж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна. Энэ хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалсан” хэмээн дурдсан юм.
Тэгвэл өчигдөр Т.Даваадалай, Т.Мөнхдалай, Н.Билгүүн, А.Ербол нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү удирдан хийлээ. Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө Т.Даваадалай өмгөөлөгчтэйгөө эл хуралд оролцох хүсэлтээ илэрхийлснээс гадна 36 баримт гаргаж өгсөн. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд түүнийг өмгөөлөгчтэй оролцуулах шаардлагагүй гэж үзээд үргэлжлүүлсэн бөгөөд бусад оролцогчийн өмгөөлөгч нар гаргаж өгсөн баримтуудтай танилцах шаардлагатай хэмээн хойшлуулахыг санаархсан ч шүүгч тэдгээр баримтыг нягталж үзээд доторх агуулгыг нь танилцуулж, хурлаа үргэлжлүүлэв. Мөн энэ үеэр Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяаг Интерполоор эрэн сурвалжилж, АНУ-д байгааг тогтоосныг прокурор Г.Онон тодотгосон юм. Харин Т.Даваадалай “Хүний ам дамжсан яриагаар өнөөдөр би энд яллагдагчаар татагдан сууж байна. Би “Туулын хурдын зам” төсөлтэй холбоотойгоор бас яллагдагчаар татагдсан. Хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. Тусдаа шийдвэрлэвэл миний эрх зүйн байдал дордох гээд байна” хэмээн тайлбар өгөв. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас Т.Даваадалай, Т.Мөнхдалай, Н.Билгүүн, А.Ербол нарт холбогдох хэргийг ял хүндрүүлж сонсгочихоод мэдүүлэг аваагүй үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэлээ.
“110 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВААД ТАРААСАН ГЭДЭГ МЭДЭЭЛЭЛ ХУДЛАА”
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариуллаа.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэслэлгүй хөрөнгөжсөн, хууль бус хөрөнгө нь нисдэг тэрэг, хаус гэх зэргээр Х.Нямбаатар маш их мэдээлэл хийсэн. АТГ-аас түүнийг нь шалгаж байгаа юу?
Н.Дамдинсүрэн: -Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлд зааснаар нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор ХАСХОМ-ээ гаргаж, бүртгүүлдэг. Тэдгээрт холбогдох хяналт, шалгалтын ажиллагааг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу явуулдаг. АТГ-т 2026 оны байдлаар төрийн өндөр болон түүнтэй адилтгах 220 албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлсэн. Үүнээс бид хяналт, шалгалтын ажиллагааг тогтмол явуулж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагааг АТГ төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр явуулдаг. Төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн болон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гомдол, мэдээллийн хүрээнд хийдэг. Төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын хувьд таны сая асуусантай холбогдуулан 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдуулан нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь хяналт, шалгалт хийсэн. Уг шалгалтын ажиллагааг явуулаад Авлигын эсрэг хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн, зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байна гэж дүгнэн тухайн нэр бүхий иргэнд хариуг нь хүргүүлсэн. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг зөвхөн өөрийнх нь гаргасан тайлбараар хязгаарладаггүй. Төрийн байгууллагуудын мэдээллийн сан, орлого ба зарлагын гүйлгээний бүх тайлан, тухайн мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дансны мэдээллүүдийг 2-5 жилээр нь авч хянаж, шалгадаг. Хяналт, шалгалтаар нэр бүхий иргэдээс мэдээлээд байгаа шиг хувийн хаус хороолол, нисдэг тэрэг, олон тооны үнэтэй машины цуглуулга, оффис барилга гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Үүнд эргэлзэх, хэн нэгнийг үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй. Шалгах эрх бүхий байгууллага нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлэсэн гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-Бүртгэлтэй компанийнх нь мэдээллийг opendata системтэй тулгаж шалгасан уу?
-Төрийн бүх байгууллагын мэдээллийг үндэслэж хяналт, шалгалт явуулдаг. Таны асуусан “Илт-Хан” гэх компани нь мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүний өмчлөлд байгаа. Хувь эзэмшдэг компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдал тогтоогдсон. Ямар нэг компани татварын байгууллагад бүртгэгддэг учраас тэндээс тодруулаад авах боломжтой. Тэр компани бол бүртгэлтэй байна.
-Тэгэхээр онгоц байхгүй гэсэн үг үү?
-Хэрэв байгаа бол ямар нэгэн байдлаар тухайн мэдүүлэг гаргагчийн дансны хуулга, бусад холбогдох баримт мэдээллээр онгоцтой холбоотой гүйлгээ гарч таарна. Тийм бол тухайн үед нь шалгаж тогтоогоод холбогдох нэгжид нь шилжүүлээд явах байсан. Тэгэхээр нисдэг тэрэгтэй гэх зүйл тогтоогдоогүй.
-Өнгөрсөн хавар Ерөнхий сайд асан Л.Оюун-эрдэнэ “Голомт банк”-ны 110 сая ам.долларын талаар хэвлэлийн хурал хийж, танайд материал шалгуулахаар өгсөн. Мөн Ерөнхий сайд Н.Учрал Төгрөг нууртай холбоотой асуудлаар гомдол гаргасан. Эдгээрийг шалгаж, шийдвэрлэсэн үү?
Х.Буянтүмэн: -Прокурорын зөвшөөрөлгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” ХК, “Бодь интернэшнл групп” ХХК-ийн хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн үед 110 сая ам.долларыг авлигад тараасан гэдэг мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгалтаар “Бодь интернэшнл” ХХК-ийн төсөл нь бүрэн хэрэгжээд дууссан. “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгой төмөр зам”-ын төслийг хэрэгжүүлсэн 2020-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудитын эрх бүхий хоёр компани хяналт, шалгалт хийсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ аудитлагдсан тайлангуудыг гаргуулж аваад санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогоор тогтоогдож буй нөхцөл байдлаар бол урьдчилгаа төлбөрт 110 сая ам.долларын гүйлгээ огт хийгдээгүй. 110 сая ам.доллар буюу их хэмжээний ам.долларыг бэлнээр зарлагадсан баримт тогтоогдоогүй. Харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг олгосон гүйлгээний баримт нь аудитын тайланд байна. Тэгэхээр энэ олон нийтийн дунд яригдаад байгаа 110 сая ам.долларыг бэлнээр аваад зарлагадаж тараасан гэдэг мэдээлэл худлаа, үндэслэлгүй гэсэн үг.
Э.Оюунболд: -Төгрөг нууртай холбоотой асуудал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шаардлагатай гэж үзвэл хэвлэлийн ажилтнаараа дамжуулаад та бүхний асуултад мэдээлэл өгөх боломжтой” гэлээ.