Абу Даби хотод ОХУ, Украин, АНУ оролцсон гурван талт хэлэлцээ болж өндөрлөлөө.Уг хэлэлцээ нь сүүлийн есөн сарын хугацаанд хийж буй анхны хэлэлцээ юм.
Хэлэлцээ энхий гэрээнд хүрэх гайхамшиг болж чадаагүй бөгөөд аль аль талынхны маш хомс мэдэгдлээр хоригдлуудын томоохон солилцоо л хийхээр болжээ.
Төлөөлөгчид эхний өдөр дөрвөн цагаас илүү хугацаанд уулзсан бол хэлэлцээний хоёр дахь өдөр хамаагүй бага цаг зарцуулсан байна. Үүний дараа Украин болон АНУ-ын хэлэлцээчид Европын орнууд болон Европын Холбооны төлөөлөгчидтэй уулзалтад оролцсон нь Москвагийн төлөөлөгчдөд гурван талт хэлэлцээний үр дүнгийн талаар эхэлж мэдэгдэл хийх боломжийг олгов.
ОХУ-ын мэдэгдэл
ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский уулзалтын үр дүнгийн талаар тайлбар хийхдээ "Европ дахь цогц аюулгүй байдлын систем"-ийн сэдэв нь хэлэлцээний гол сэдэв болохыг баталжээ. Одоогоор энэ нь муу ажиллаж байгаа бөгөөд Украинд "буглаа нь хагарсан" гэж тэрбээр хэлэв. Меденскийн мэдэгдснээр хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй тодорхой тохиролцоонд хүрэх хүртэл олон нийтэд хэлэлцэхгүй гэж тайлбарлав.
АНУ "Европ дахь цогц аюулгүй байдлын систем" сэдвийг Абу Дабид хэлэлцэхийг санал болгосон бөгөөд энэ нь Москвагийн шаардлагад нийцэж байгаа ч хэлэлцээрт хүрхээс өмнө байлдааны ажиллагааг зогсоохыг үгүйсгэж байгаа.
Харин Киев энэ дэг журмыг өөрчлөх ёстой гэж шаардаж байгаа бөгөөд “эхлээд "дайныг зогсоох", дараа нь Украины аюулгүй байдлын баталгааг хэлэлцэх, дараа нь "Европ болон дэлхийн аюулгүй байдлын талаар" яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнөх өдөр нь Киевийн байр суурийг илтгэсэн.
Оросын төлөөлөгчдийн тэргүүн хэлэлцээрийн үеэр хоригдлуудыг солилцох талаар тохиролцоонд хүрсэн гэсэн мэдээллийг баталж, солилцооны нөхцөлийг дараа нь зарлана гэв.
Мединскийн хэлснээр, хэдий АНУ ирээдүйн хэлэлцээрт Европын төлөөлөгчдийг оролцуулахыг шаардаж байгаа ч Москва үүнийг хүсэхгүй байгаа. "Бид Европынхны эндэх статусыг сайн ойлгохгүй байна" гэж тэрбээр Абу Дабид ирсэн Европын болон Европын Холбооны төлөөлөгчдийн талаар хэлээд, тэднийг "жуулчид" хэмээв.
Кремль өмнө нь ОХУ-ын төлөөлөгчид Абу Дабид ирсэн Европын орнууд болон Европын Холбоо, түүнчлэн НАТО болон Европын Комиссын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөөгүй гэж мэдэгдэж байсан.
Украины мэдэгдэл
Украины төлөөлөгчидийн тэргүүн Рустем Умеров Абу Даби дахь аюулгүй байдлын асуудлаар "асар их ахиц дэвшил" гарсан гэж мэдэгджээ.
Украины тал Рустем Умеровын мэдэгдлээр хязгаарлагдсангүй. Дээд Рад дахь “Ард түмний зарц” фракцийн тэргүүн Дэвид Арахамиа хоригдлууд солилцох хэлэлцээрийн ач холбогдлыг онцолж, Европын төлөөлөгчдийн оролцоотойгоор гурван талт хэлэлцээр ирээдүйд олон талт болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн Абу Дабид "эерэг хөдөлгөөн" ажиглагдахаас гадна, хэлэлцээр "сайн түлхэц" болж, оны сүүл гэхэд мөргөлдөөнийг шийдвэрлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна хэмээн таамаглав.
Ингэхийн зэрэгцээ Арахамиа, хэлэлцээрийг "хүнд ширүүн" болсон гэж дүгнэжээ. "Учир нь тэд [Оросын төлөөлөгчид] маш хатуу удирдамж авчирсан тул хэлэлцээр хийх зай үлдээсэнгүй" гэж тайлбарлав.
Сэтгүүлчидийн газар нутгийн талаарх асуултад Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кирило Буданов хариулахаас татгалзжээ. "Хэлэлцээр үргэлжилж байх үед бид хэлэлцээрийг тасалдуулж болохгүй; үр дүнг нь хэлэлцээрийн дараа олон нийтэд мэдээлэх болно" гэж тэрбээр хэлэв.
АНУ юу хэлэв
Хэлэлцээрт оролцсон АНУ-ын хоёр төлөөлөгчийн нэг Жаред Кушнер, хоёр дахь өдрийн дараа уулзалтууд маш үр бүтээлтэй болсон гэж мэдэгдлээ. Хоёр тал газар нутгийн асуудлыг оролцуулан "хэцүү асуудлуудыг" хэлэлцсэн гэж тэрээр хэллээ.
Мөн 11-р сарын 12-ны Пүрэв гарагт АНУ-ын тусгай элч Стив Виткоффтой хамт Москвад очиж, хоригдлуудыг солилцох талаар хэлэлцэхээ Кушнер мэдэгдэв. Үүний дараа тэд Дублин руу явж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах юм байна.
Үүнээс гадна Европчуудтай хийсэн хэлэлцээ ч үр бүтээлтэй болсон гэж тэрбээр нэмж хэлээд, Европ хэлэлцээрийн ширээнд суух ёстой гэдгийг дахин нотлов.