Засгийн газраас “Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” 406 дугаар тогтоолыг өнгөрсөн сарын 14-нд баталсан. Үүний хүрээнд захиалгын гэрээг бүртгэх түр журмыг баталсан юм. Ингэснээр байр захиалахын өмнө барилга барих газар, тухайн компани, эзэмшигч, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг нягтлах боломжтой бүрдэх нь. Өөрөөр хэлбэл, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг энэ сарын 16-ны дотор албан ёсны цахим хуудсаар дамжуулан ил тод, нээлттэй мэдээлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т үүрэг, даалгавар болгосон юм.
Дээрх журмыг энэ сарын 16-наас хэрэгжүүлж эхлэх бөгөөд нэг орон сууцыг олон иргэнд давхардуулан худалдах, захиалгын гэрээтэй холбоотой залилах гэмт хэргийг бууруулна гэж тооцжээ. Тодруулбал, орон сууцын захиалгын гэрээ хийсэн иргэн УБЕГ-т хүсэлт гаргаж, тэмдэглүүлэх, хэрэв тухайн тоотыг давхардуулсан тохиолдолд тав хоногт цагдаагийн байгууллагад мэдэгдэх зохицуулалттай аж.
Орон сууцын захиалгатай холбоотой мянга орчим иргэн УИХ-д гомдол гаргаснаар эл асуудалд эрх баригчид анхаарч, Засгийн газрын тогтоол, түр журам, цаашлаад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан юм. Хуулийн төсөлд сууц, талбай бүрд давхардалгүй дугаар, QR код олгох, иргэд захиалах гэж буй барилга орон сууцаа нээлттэй шалгах, нэг сууцыг давхар худалдах эрсдэлийг бууруулах зэрэг зохицуулалт тусгажээ. Хуулийн төслийг батлуулах хүртэл түр журмыг хэрэгжүүлэх аж. Ташрамд дуулгахад, 2024-2026 онд орон сууцтай холбоотой залилангийн хэрэгт 3613 иргэн өртөж, 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Ч.Туяа