Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар хотод зохион байгуулж буй залуучуудын IV олимпын наадам маргааш өндөрлөнө. Тус наадамд Монголын баг хэрхэн оролцож буйг тоймлон хүргэе. Одоогоор хоёр медаль хүртэж, 63 дугаар байрт жагсаж буй манайхнаас жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Сали хотод болсон элсний чөлөөт бөхийн төрөлд 12 тамирчин С хэсэгт хүч сорьсон. Хэсгийн эхний барилдаанд эмэгтэйчүүдээс 65 кг-д Э.Анужин Хорватын тамирчин Радош Эмануэла, дараагийнхад Сенегалын Манга Мери, шөвгийн наймд АНУ-ын Апостол Алея нарыг ялж, хэсгээ тэргүүлэв. Тэрбээр хагас шигшээд Доминикан улсын тамирчин Росадо Валерио Ёлайнид 1:3-аар ялагдсан ч хүрэл медалийн төлөө Египетийн Абделгалил Малакыг 6:2-оор буулган авч, шагналын тавцанд зогссон. Түүний амжилт дээрх олимпод өрсөлдсөн манай улсын багаас элсний бөхийн төрөлд гардсан анхны медаль юм. Үүнээс өмнө “Сингапур-2010” залуучуудын олимпын наадамд оролцсон тамирчдаас ОУХМ Б.Батцэцэг чөлөөт бөхийн төрөлд алт, “Нанжинь-2014”-д Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж байв.
Түүнчлэн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдийн баг В хэсэгт Венесуэлийн шигшээг 21:19-өөр хожиж, Аргентиныхад 10:21-ээр ялагдсан. Хэсэгтээ II байр эзэлж, шөвгийн наймд шалгарсан тэд D хэсгийг тэргүүлсэн эзэн орны багт 20:11-ээр хожигдсоноор тоглолтоо өндөрлүүлжээ. Усан спортынхноос Б.Оргилмаа 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 68 тамирчинтай өрсөлдөж, 29.02 секундийн амжилтаар гараандаа VI байр эзэлсэн байна. Боксынхноос 48 кг-д А.Алтанзул Британийн Лили Бассеттэй тулалдаж, шөвгийн наймд шалгарав. Түүний өрсөлдөгч Лили Бассетт Европын АШТ-д дөрвөн удаа түрүүлсэн шилдэг тулаанч юм. Дугуйн тэмцээнд Г.Ариунхүслэн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанд 41 тамирчинтай 8.5 км-ийн зайд хурд сорьж, 14 минут 33 секунд 40 долийн амжилтаар 36 дугаар байрт орлоо. Тус зайд уралдсан тамирчдаас Казахстан, Словак, ОХУ-ын дугуйчин эхний гурван байрт шалгарав.