Өмнөд хөршийн Шинтай хотод зохион байгуулсан 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцсон Монголын багаас 9-10 хүртэлх насны охидын ангилалд “Ирээдүй” Монголын даамын академийн тамирчин Н.Гуамарал, хөвгүүдээс 11-13 насныхад Увс аймгийн “Онцгой хүү” клубийн тоглогч Б.Маргад-Эрдэнэ дөрвөн хожиж, тав тэнцэн нийт 13 оноотой түрүүлснээр Дэлхийн даамын холбооны дэд мастер цолны болзол хангав. Тэгвэл 9-10 насны хөвгүүдийн ангилалд “Ирээдүй” Монголын даамын академийн Б.Алтан-Эрдэнэ, 14-16 насныхад Б.Сансармаа, найм хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Хөлөгт тоглоом” клубийн Б.Содбилэг нар таван хожиж, гурван тэнцэн, нэг ялагдан мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлагад бэлтгэл базаасан тоглогчдоос Т.Энхсүлд мөн таван хожин, тус бүр хоёр тэнцэж, хожигдон нийт 12 оноогоор хүрэл медаль зүүсэн байна. Манайхан энэ удаа 15 орны 348 тамирчинтай таван насны ангилалд өрсөлдөж, багаараа дөрвөн алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль авсан амжилтаар тав дахь жилдээ тэргүүн байрт шалгарлаа.