Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт өнгөрсөн сарын 8-нд түймэр гарч, тухайн нутгийн 76.4 хувь нь шатсан. Түймэр гарснаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан хохирлын хэмжээг тогтоогоогүй, хойрго хандаж байна хэмээн “Халх Нөмрөг нутгаа сэргээе” ТББ-ынхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Энэ талаар тус байгууллагын тэргүүн Б.Оюунбилэг “Дорнод аймагт төрж өссөн залуус нэгдэж, холбоо байгуулан энэ сарын 2-нд улсын бүртгэлд бүртгүүллээ. Амьтад түймэрт өртөөгүй хэсэгт бөөгнөрсөн. Нөмрөгт цас орж, идэш тэжээл хүргэхэд улам хүнд болж байна. Нутгийн иргэд, бизнесийн байгууллагынхны дэмжлэгээр эхний ээлжид 2000 боодол өвсийг Мэнэнгийн талд хүргүүллээ. Засгийн газраас баталсан 629 сая төгрөгийн санхүүжилт газар дээрээ хараахан хүрээгүй байна. Өвсийг арваннэгдүгээр сард багтаан тэжээлийн цэгт хүргэх хэрэгтэй. Нөмрөгийг сэргээх нь олон арван жилийн ажил. Эхлээд амьдрах орчныг нь дэмжих, байгалийг нөхөн төлжүүлэх зэрэг ажил хийх ёстой. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг бүх иргэнд ижил тэгш, хүртээмжтэй хүргэх, нэвтрэх зөвшөөрлийн бүртгэлийг ил болгох, БОУАӨЯ-ны ажлын хэсэгт иргэдийн хяналтын төлөөллийг оруулах” гэв.
2022 оны судалгаагаар Нөмрөгийн дархан цаазат газарт 3000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10 мянга гаруй бор гөрөөс бий гэж тооцоолжээ. Энэ өвөл амьтдад 25-30 мянган боодол өвс хэрэгтэй аж. Иймд өвс худалдан авч, хүргэх ажлыг яаравчлах, ил тод мэдээлэхийг дээрх ТББ- ынхан шаардахын зэрэгцээ ан амьтдыг өвөлжүүлэх ажилд иргэдийг нэгдэхийг уриалж, хандивын аян өрнүүлж буйгаа дуулгасан юм.
Ч.Болор