Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтойбилээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Улс төрийн карьерынхаа хувьд оргилдоо яваа нэгэн бол Ерөнхий сайд Н.Учрал. МАН-ын хамгийн залуу дарга, залуухан Ерөнхий сайдыг Монгол Улсад танихгүй хүн ховор биз. Тэрбээр 2010 онд 23 настайдаа одоогийн МАН-д элсэж, хоёр жилийн дараанаас л нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн даргаар томилогдсон байна. Ингээд 16 жилийн хугацаанд тасралтгүй өгссөөр эл өндөр албан тушаалд хүрсэн гэсэн үг. Энэ зууртаа гурван ч удаа дараалан УИХ-д сонгогдож, гурван Засгийн газарт Цахим хөгжил харилцаа холбоо, Хэрэг эрхлэх газрын дарга хийж, эдүгээ дөрөв дэх танхимаа өөрөө тэргүүлж буй юм. УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ намдаа байр сууриа ахиулж, МАН-ын удирдагчдын туулдаг замналаар залуучуудын холбооныхоо дэд дарга, даргын албыг хашжээ.
Үүнээс өмнө 2000-аад оны эхэн үед залуус Н.Учралтай репперийнх нь хувиар танилцаж байлаа. Тэрбээр “Симба” хэмээх хүүхэлдэйн киноны нэг гол дүр болох Тимоны нэр, багтайгаар урлагийн ертөнцөд хөл тавьсан юм. “Чиний л өмнө”, “Oh Timon” зэрэг цөөнгүй хит дуу түүнд бий. Урлагаас улс төрд орсон хоёр ч гишүүн одоогийн парламентад байдгийн нэг нь тэр. Гэхдээ урлаг, дуу хөгжим түүний хориод насны хүсэл сонирхол байсан аж. Алсдаа тэрбээр улс төрд карьер хөөхөөр төлөвлөж, нам дахь байр суурь болон боловсролоо зэрэгцүүлэн ахиулжээ. Мөн хувийн бизнесээ ч амжуулж, 2010-2016 онд “Рояаль” академи, “Рояаль” олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажилласан байна. Аавынхаа үүсгэн байгуулсан “Их засаг” лицей, “Их засаг” олон улсын их сургуулийг тэрбээр эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Британид хоёр ч удаа буюу 2010, 2019 онд сурч, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн 2012 онд МУБИС-д түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалсныхаа дараа жил нь ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Төвөд, Будда судлалын институтэд энэ чиглэлээрээ докторын зэрэгтэй болсон гэж намтарт нь бичсэн нь цаг хугацааны хувьд жаахан эргэлзээтэй уншигдаж буй. 2015 онд тэрбээр Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж, ивээлд нь багтсан аж. Юм юмыг зэрэг амжуулдаг, хөдөлгөөнтэй, бас хөрөнгөтэй айлын хүүг улс төрч У.Хүрэлсүх “үрчилж” авсан билээ. Ийнхүү эцгийн хөрөнгө, “ах”- ын дэмжлэгийн хүчээр өнөөдрийн байр суурьтаа хүрчээ.
2020 онд УИХ-д анх удаа сонгогдсоноосоо жилийн дараа Н.Учрал хүндээр өвдсөн юм. Үхэх, сэхэхийн заагт хэдэн сар болж, эцэст нь эдгэсэн талаараа тэрбээр “Эргэж ирсэн минь” ном бичиж хэвлүүлсэн байдаг. Хэцүү үед нь эргэж очиж, сэтгэлийн дэм хайрласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүндээ “Амьдрал дундаас төрсөн, улсын аав байх хүн” хэмээн магтсанаас үүдэн “өргөмөл хүү” нь гэж хочлуулах болжээ.
2025 оны сүүлчээр өрнөсөн МАН-ын талцлын дүнд тэрбээр “дундын хувилбар” болж намын дарга, УИХ-ын дарга, улмаар Ерөнхий сайд хийж буй юм. Н.Учрал Засгийн газрын тэргүүнээр томилогдоод долоон сар болжээ. Тэрбээр өмнөх Ерөнхий сайдын бий болгосон хаалттай байдлыг зогсоож, Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг болсон. Мөн “Оюутолгой” төсөлтэй холбоотой гэрээг өөрчлөх, ногдол ашиг олгох тухай шаардлагыг хөрөнгө оруулагчдад зоригтойхон тавьж, хүлээж авахгүй бол хамтран ажиллахгүй гэдгээ хэлсэн юм. Одоо харин ирээдүйд авах энэхүү ногдол ашгаа хэрхэн зарцуулах, хуваах тухай маргаан өрнөж байна. Ерөнхийлөгчийн нүүрэн дээр уг мөнгийг иргэдэд бэлнээр тараах саналыг нь толгой дохин дэмжээд, гарч ирмэгцээ “Тэгж болохгүй” хэмээж, “аав”-тайгаа бяцхан тэрсэлдээд эхэлсэн.
Түүнчлэн тэрбээр 2026 оны төсвийн тодотголыг хийх үеэр “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд ээжийнхээ эзэмшлийн “Их засаг кингс” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилуулахаар төлөвлөсөн гэсэн шүүмжлэлд өртсөн юм. Тэгмэгц өөрийгөө шалгуулахаар яаран АТГ руу “гүйж очсон” удаатай. Явж явж өөрөө “мэдээгүй байхад” нь Боловсролын сайд энэ саналыг оруулсан болоод уг асуудал замхарч байх шиг. 2021 онд түүний өөрийн жилийн орлого 803.9 сая төгрөг байсан ч 2025 онд 196 сая болж буурсан нь улс төрчдийн хувьд сонин үзүүлэлт юм. Гэр бүлийн орлого нь ч 196.8-83.1 сая төгрөг болжээ. Уг нь нугарч өсдөг “уламжлал”-тай биш үү.
“Цахим сайд”-аар хоёронтоо ажиллахдаа тэрбээр Виртуал хөрөнгийн, Кибер аюулгүй байдлын, Зөвшөөрлийн тухай зэрэг хэд хэдэн хуулийг өргөн барьсан. 2023 оны эхээр мөн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хэмээх гоё нэртэй ч иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдахыг завдсан гэж шүүмжлүүлсэн хуулийг батлуулж, Ерөнхийлөгч хориг тавьснаар хүчингүй болгож байв. Залуу хүний зориг байгаа ч коммунист намын үзэл суртлаар “бойжсон” учраас гоё нэр хөтөлбөр, хэлбэрт анхаарах, үзэл бодол, эрх чөлөөг хумих санаархал түүнээс үе үе гараад байдаг гэмтэй